Баянхонгор аймгийн МХГ-аас эмнэлгийн тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр хүмүүст гоо сайхны тариа тарьж байсан хоёр этгээдийг иргэний гомдлын дагуу илрүүлжээ.

Уг этгээдүүд нь зориулалтын бус, шаардлага хангаагүй газар буюу зочид буудлын өрөө, айлын гэрт очин эмчилгээний гоо сайхны PRP, ботокс, филлер зэрэг тарилгыг хүмүүсийн нүүрэнд тарьдаг байжээ.

Мөн мэргэжлийн гоо заслын эмчийн лиценз, бичиг баримтгүйгээр үйл ажиллагаа явуулж байснаас гадна өөрсдийгөө мэргэжлийн хяналтын байцаагч гэж иргэдэд танилцуулсан байна.

Түүнчлэн шалгахаар очсон Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй, байцаагчдыг үг хэлээр доромжилж, цахим сүлжээнд худал мэдээлэл нийтэлсэн зөрчил гаргажээ.

Дээрх этгээдүүдэд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцсон бөгөөд мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ, тарилгыг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй эмч гүйцэтгэдэг гэдгийг иргэдэд анхааруулж байна.

Иймд энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хандаж өөрийн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн нэрийг барьж иргэд, ААН-ийг хуурах, дарамтлах үйлдэл гарч байгаа тул тухай бүрд нь Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг анхаарууллаа.