Хүн амьдралынхаа 90 орчим хувийг ажил, гэр, кофе шоп зэрэг дотоод орчинд өнгөрүүлдэг. Гэвч дотоод орчны агаар нь гаднаас 2-5 дахин муу байдаг гэнэ.

Ялангуяа гэр хорооллын иргэд түүхий нүүрсийг түлшиндээ хэрэглэснээр амьсгалын замын архаг өвчлөл, гуурсан хоолойн багтраа зүрх судасны өвчлөл зэрэгт өртдөг байна. Тэгвэл дотоод орчны агаарыг бохирдуулагч хүчин зүйл болон цэвэршүүлэх талаарх НЭМҮТ-н зөвлөмжийг хүргэе.

Тамхи

Энэ бол дотоод орчныг бохирдуулагч хамгийн том хүчин зүйл. Танай гэр бүлийн хэн нэгэн тамхи татахад 4000 гаруй төрлийн химийн бодис ялгарч бусдыгаа дам тамхидалтад өртүүлж байдаг. Иймд сургууль, гэр, цэцэрлэг, олон нийтийн газар тамхи татахгүй байх хэрэгтэй.

Цэвэрлэгээний бодис

Аяга таваг угаагч, хивс цэвэрлэгч зэрэг бодис мөн л дотоод агаарыг бохирдуулна. Тиймээс эдгээр бодисыг хэрэглэсэн тохиолдолд цонх, салхивчийг нээж агаарыг солих шаардлагатай.

Гоо сайхны бүтээгдэхүүн

Эмэгтэйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн агаар бохирдуулдаг гэхэд сонин байгаа биз. Тэгвэл үсний будаг, лак, хумсны будаг, будаг арилгагч зэрэг нь хурц үнэртэй учир дотоод агаарыг бохирдуулна. Иймд бага насны хүүхэд жирэмсэн эмэгтэйн дэргэд эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзаарай.

Тавилга

Дийлэнх мебель тавилгаас ямар нэг үнэр, тодорхой хэмжээний химийн бодис ялгарч байдаг. Тиймээс эко хавтан, цэвэр модон тавилгыг сонгохыг чухалчлаарай.

Утаа

Хоол хийх, гал түлэх үед зуухнаас гарах утаа гэрийн агаарыг асар их бохирдуулна. Иймээс утаа гарсан л бол цонх салхивчийг нээж агаарыг солих нь зүйтэй.

Амьтны үс, цэцгийн тоос

Магадгүй та муур нохой зэрэг амьтан тэжээдэг бол түүний үс, ялгадас, хачиг нь агаарын чанарыг муу болгоно. Мөн цэцгийн тоос, хөгц, мөөгөнцөр дотоод агаарт тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Энэ тохиолдолд тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж, мал амьтнаа вакцинд хамруулаарай.