Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Германаас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел, тус улсын Сэргээн босголт банкны суурин төлөөлөгч Петар Георгиев нартай уулзлаа. Уулзалтаар боловсрол, байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Гэрээний хүрээнд 15 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх ба үүний найман сая евро нь буцалтгүй тусламж юм. Буцалтгүй тусламжаар Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийг хэрэгжүүлнэ. 

Энэхүү төсөл нь Монголын тусгай хамгаалалттай газрын бүс болон экологийн коридорын менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой юм.

Харин долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Герман Монголын Ашигт малтмал технологийн их сургуулийн хотхонд долоон төрлийн лаборатори бүхий 3.500 м.кв талбайтай сургалт, судалгааны барилга, 800 м.кв талбайтай иж бүрэн тохижуулсан номын сангийн барилга барихаар төлөвлөжээ.

Эдгээр төслийн санхүүжилтийг Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан олгох ба БОАЖЯ болон БСШУСЯ хэрэгжилтийг нь хариуцан ажиллах юм.

Манай хоёр улс эдийн засаг, эрчим хүч, ховордсон ан амьтан, ургамлыг хамгаалах чиглэлд 1992 оноос хойш хамтран ажиллаж байгаа ба өнөөдрийн байдлаар 400 сая гаруй еврогийн төсөл хэрэгжүүлжээ.

Түүнчлэн энэ жил Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.