Герман-Монголын засгийн газар хоорондын Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн хэлэлцээр, зээлийн гэрээг соёрхон батлах асуудлыг чуулганаар хэлэлцэж баталлаа.

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцууд дунджаар 40 гаруй жил ашиглагдсан, насжилт өндөртэй байгаа юм. Иймд төслийн хүрээнд цахилгаан хангамжийн шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, цахилгаан дамжуулах Ухаалаг сүлжээ бий болгохоор зорьсон байна. 

Төслийг 2014, 2016 оны хэлэлцээгээр Германы засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр тохиролцсон юм. Зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил ба зээлийн хүү жилийн хоёр хувь байна.

Төслийн хүрээнд 220, 110 кВ-ын 20 дэд станц, Улаанбаатар, Дархан, ИХБ-4, Эрдэнэт дэд станцын хуучирсан, ашиглалтын хугацаа хэтэрсэн реле хамгаалалт, автоматик, хяналт, удирдлагын системийг шинэчлэхээр төлөвлөжээ. 

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 6.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 9.4 сая Гкал дулаан үйлдвэрлэж, импортоор 1.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авсан байна. Үүний 1.3 тэрбум кВт.ц цахилгааныг Оюутолгой ХХК Хятадаас, үлдсэнийг нь төвийн болон баруун бүсийн систем Оросоос авчээ.