Бранденбург муж улсын Барут/Марк хот нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хоттой 2011 оноос эхлэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа юм. Тэгвэл энэ хүрээнд Барут/Марк хотод Мөрөнгийн гудамж буюу “Muruner Straße”-г нээсэн байна.

Нээлтэд Мөрөн хотын засаг дарга Ц.Гансүх, ИТХ-ын дарга Б.Нямдаваа, засаг даргын орлогч Ц.Баттогтох нарын хүмүүс оролцжээ. Мөн Бранденбургийн Хог боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Мөрөнгийн гудамжны нээлтийн үеэр Барут/Марк хотод бэлэглэсэн Монгол гэрт Хөвсгөл аймгийн хүнсний үйлдвэрлэлийн дээжээр ширээ засч, хотын оршин суугчдыг дайлжээ.

Манай улс нь Германтай 1974 онд дипломат харилцаа тогтоосон ба одоогоор хоёр орны зургаан засаг захиргааны нэгж түншлэлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.

Барут/Марк хот хамтын түншлэлийн хүрээнд Мөрөн хотод мэргэжлийн сургалтын төв, бохир ус цэвэршүүлэх байгууламж төлөвлөх, дунд сургуулийн сурагчдыг цэвэр усаар хангах зэрэг олон ажлыг хийжээ. Мөн түргэн тусламжийн болон гал сөнөөгч автомашин бэлэглэсэн байна.