Германы Хэлле хотод буутай этгээд Еврейчүүдийн тэмдэглэлт өдөр хоёр хүнийг буудан хөнөөжээ. Энэ сарын есөнд Еврейчүүдийн ариун өдөр болох Йом Кипур тохиосон ба сэжигтэн этгээд халдлагаа Twitch сайтаар шууд дамжуулсан байна. 

Гэрчүүдийн мэдээлснээр хамгаалалтын малгай, цэргийн дүрэмт хувцас өмссөн эрэгтэй сүмийн хаалгыг буудаж онгойлгохыг оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Улмаар гудамжинд явж байсан нэг эмэгтэйг буудаж хөнөөсөн ба сүмээс 600 метрийн зайд орших дэлгүүрийн хаалгыг тэсрэх бөмбөгөөр дэлбэлэхийг оролджээ. Гэсэн ч бөмбөг дэлбэрээгүй учир хаалгыг буугаар буудан онгойлгож дотор нь байсан нэг хүнийг буудан хөнөөсөн байна. 

Цагдаа нар 27 настай Герман эрийг сэжигтнээр баривчилсан ба одоогоор түүний халдлага үйлдсэн шалтгааныг тогтоогоогүй юм. Гэвч Германы дотоод хэргийн яамны мэдээлснээр сэжигтэн нь Еврейчүүдийг үзэн ядагч байсан байх магадлалтай гэнэ. 

Хэлле хотын Еврейчүүдийн нийгэмлэгийн мэдээлснээр халдлагын үеэр сүмд 70-80 хүн байсан ба гадаа нь цагдаагийн албан хаагчид хамгаалалтад гарсан байжээ. Гэвч сэжигтний хийсэн бичлэгээс харахад сүмийн гадна ямар ч цагдаа байгаагүй байна. 

Энэхүү халдлагаас болж Хэлле хотын галт тэрэгний төв буудлыг зургаан цагийн турш хаажээ.

Эх сурвалж: BBC, Al jazeera