Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Герман улсын Батлан хамгаалахын сайд,  доктор Урзула фон дер Лайн Монголд албан айлчлал хийлээ.

Түүнийг БХЯ-ны сайд тэргүүтэй албаныхан угтан авч хүндэтгэл үзүүллээ. Герман улсын БХЯ-ны сайд 10 жилийн дараа дахин манай улсад айлчилж байгаа ба өмнө нь БХЯ-ны сайд ЦУ Гүйттэнбэрг айлчилж байжээ.

Сайд Н.Энхболд, Урзула фон дер Лайн нар уулзалтынхаа үеэр батлан хамгаалахын хамтын ажиллагаа, болон шийдвэртэй дэмжлэг энхийг сахиулах ажиллагааны хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулан гарын үсэг зурлаа.

Дараа нь Шадар сайд Ө.Энхтүвшин Урзула фон дер Лайныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, цаашид ч энхийг дэмжих ажиллагаанд оролцох, инженерийн батальоныг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцжээ.

Манай хоёр улсын харилцаа жил ирэх тусам өргөжиж, иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаатайгаар бүхий л салбарт нягт ажиллаж ирсэн байна.

Үүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 1993 оноос эрчимтэй хөгжиж, дээд хэмжээний харилцан айлчлал, цэргийн боловсон хүчнийг сургах, ижил төстэй байгууллагуудын хамтын үйл ажиллагаа зэрэгт хамтран ажиллаж байгаа юм.

Тухайлбал, Монгол, Германы хамтарсан цэрэг хүчний бүрэлдэхүүн хамтран 2009 оноос хойш өнөөг хүртэл Афганистанд Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.

Зураг: Засгийн газар