Венесуэлийн засгийн газар Германы элчин сайд Даниель Кринерт хориг тавьж 48 цагийн дотор Венесуэлийг орхин явахыг шаардлаа. Учир нь Кринер Даваа гарагт сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог онгоцны буудал дээр тосож авсан байна.

Америк, Франц, Аргентин, Бразил зэрэг орны дипломатууд ч уг үйл явдалд оролцсон юм.

Венесуэлийн засгийн газар өнгөрсөн сард Гуайдог хил давахыг хориглосон ч тэрээр Латин Америкийн орнуудаар айчилж байгаад ирсэн байна.

Венесуэлийн үндэсний хэвлэлийн холбооны мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн 40 гаруй сэтгүүлч, дипломатууд Венесуэлээс хөөгдсөн байна.

Мөн Мадурогийн засгийн газар Америк, Колумбтай дипломат харилцаагаа тасалсан юм.

Венесуэлийн эдийн засаг хүнд байгаа үед Мадуро дахин сонгогдсон нь ард иргэдийн дургүйцлийг төрүүлсэн бөгөөд сөрөг хүчний удирдагч Гуайдо өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан юм.

Гуайдог Америк, Их Британи, Герман, Канад зэрэг 60 гаруй орон дэмжиж байгаа бол Мадурог Хятад, Орос зэрэг 10 гаруй орон дэмжиж байна.

Мөн Америкийн засгийн газар өнгөрсөн сард Венесуэлийн газрын тосны экспортод хориг тавьсан бөгөөд Гуайдогийн аюулгүй байдалд халдахгүй байхыг Венесуэлийн засгийн газарт анхааруулжээ.

Үүнээс гадна Мадурод тусламж үзүүлсэн аль ч орны санхүүгийн байгууллагад хориг тавихаа мэдэгдсэн бөгөөд одоогоор 120 гаруй хүний визийг хүчингүй болгосон байна.

Эх сурвалж: BBC, The Guardian