Германы Лутфханса нислэгийн компани ашиглагдахаа больсон Эйрбус A340-600 онгоцыг ашиглан шинэ бүтээгдэхүүн хийж байгаа гэнэ. Тухайлбал, онгоцны хөндлөвч, хажуугийн хавтанг ашиглан кофений ширээ, хоёр цонх, аюулгүйн шилний ялтсыг ашиглан энгийн ширээ хийсэн байна. 

Мөн дөрвөн цонхоор нь хоёр ханын тавиур, үлдсэн 20-оор нь ханын цаг хийжээ. Үнийн хувьд ширээ 1550-3300 доллар, ханын тавиур 1327-1660 доллар байгаа юм. Үүнээс гадна онгоцны хөнгөн цагаан гадаргуугаар хийсэн түлхүүрийн оосор 27 доллараар худалдаалагдах гэнэ.  

Дизайнерууд мөн нэгдүгээр зэрэглэлийн хөнжил, толгойн зөөлөвчний бүрээсээр цүнх, үүргэвч хийсэн ба аюулгүйн зөвлөгөөний самбарыг хүртэл бохир хувцас хийх цүнх болгожээ. 

Дөрвөн мотортой Эйрбус A340-600 загварын онгоц нь 20 орчим жилийн өмнө үйлдвэрлэгдэж байсан дэлхийн хоёр дахь хамгийн урт онгоц юм. Гэвч A340 цувралын үйлдвэрлэл 2011 онд зогсож оронд нь түлшинд хэмнэлттэй A350 цувралыг үйлдвэрлэж эхэлжээ. 

Лутфханса компаний мэдээлснээр 75 метр урт тус онгоцыг задлахад 10 долоо хоног зарцуулсан ба онгоцны 92 хувийг дахин боловсруулсан байна. 

Сүүлийн үед хуучин онгоцны хэсгүүдээр чанартай бүтээгдэхүүн хийж дахин боловсруулах арга өргөнөөр ашиглагдаж байгаа юм. Тухайлбал, Эйрбус компани өнгөрсөн онд хуучин онгоцны материалыг дахин боловсруулж тавилга, гэр ахуйн бараа хийжээ. 

Мөн өнгөрсөн онд тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Бремонт компани хуучин онгоны хэсгээр хийсэн цагийг нисгэгчдэд зориулан гаргасан байна. 

Эх сурвалж: Pix11, CNN