Германы канцлер Ангела Меркель тэргүүтэй улс төрчид болон сэтгүүлч, олны танил эрхмүүдийн хувийн мессеж, санхүүгийн мэдээлэл алдагдаж Твиттер хуудсанд тавигджээ.

Энэхүү хакерын хэргийг үйлдсэн этгээдийг тогтоогүй байгаа ч мэдээллийг тараасан твиттер хаягийн байршил Гамбург хотод байсан гэнэ.
Алдагдсан мэдээлэл засгийн газрын нууцтай холбоогүй байсан учир энэ нь кибер халдлага бус хэн нэгэн хакерын хийсэн үйлдэл байж магадгүй аж.

Мөн Германы сөрөг хүчний намуун болон Оросыг уг хэрэгт сэжиглэж байгаа юм. Учир нь халдлагын арга нь Оросын хакеруудтай төстэй байснаас гадна энэ онд Германд болох дөрвөн сонгуульд саад хийх оролдлого байж магадгүй гэж Германы кибер аюулгүй байдлын шинжээч Свен Хердиг үзжээ.

Мөн сөрөг хүчний улс төрчдийн мэдээлэл алдагдаагүй учир энэ нь сөрөг намын хийсэн үйлдэл байх магадлалтай гэнэ.

Хулгайлагдсан мэдээлэл өнгөрсөн сарын 1-28-ны хооронд @_0rbit твиттер хаягаар нийтлэгдсэн бөгөөд уг хаягыг 17 мянган хүн дагаж байжээ.
Кибер шинжээчдийн үзэж буйгаар мэдээллээ алдсан хүмүүс бүх нийгмийн сүлжээний хаягтаа ижил нууц код хэрэглэдэг байсан байж магадгүй гэнэ.

Эх сурвалж: BBC, NPR