Уолт Дисней кино компани Дисней+ сайтдаа зориулж Гэртээ ганцаараа, Музейд өнгөрүүлсэн шөнө, 12 хүүхэдтэй аав, Хулчгар хүүгийн өдрийн тэмдэглэл киног дахин бүтээнэ гэж мэдэгдлээ. Гэхдээ хэзээ хийж эхлэх, ямар жүжигчид тоглох нь тодорхойгүй байна. 

Гол дүрд нь Макаули Калкины тоглосон Гэртээ ганцаараа кино нь 1990 онд дэлгэцнээ гарсан бөгөөд Rotten Tomatoes сайтаас 80 хувь, IMDb сайтаас 7.5 үнэлгээ авсан байна. Тус киноны шүтэн бишрэгчид Диснейн төлөвлөгөөг тийм ч нааштайгаар хүлээж аваагүй юм. 

Тухайлбал, кино продюсер Франклин Леонаод твиттер хуудаснаа, “Гэртээ ганцаараагийн шинэ хувилбарын зохиолчид гар утасны асуудлыг шийдэх хэрэгтэй боллоо” гэжээ. Мөн өөр нэг твитерийн хэрэглэгч, “Энэ жил классик киноны шинэчилсэн хувилбараас залхаад байхад Дисней Гэртээ ганцаарааг дахин хийх гэнэ” гэж жиргэсэн байна. 

Дисней компани өнгөрсөн гуравдугаар сард 21-р зуун Фокс компанийг 71 тэрбум доллараар худалдаж авснаар киног нь дахин хийх эрхтэй болжээ. 

Дисней+ сайт нь ирэх 11-р сард Хойд Америкт нээлтээ хийх ба Марвел, Дисней, Пиксарын кинонууд тавигдах юм. Уг сайтын сарын түрээс нь 6.99 доллар ба энэ нь Нетфликийн үнээс хоёр дахин хямд байна. 

Эх сурвалж: Telegraph, CNN