УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүллээ.

Тэрээр сүүлийн үед нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентгенд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаныхны шаардлагыг биелүүлээгүй зэрэг зөрчлийг Төрийн хамгаалалтын албанаас удаа дараа ирүүлсэн гэдгийг дурдсан байна.

Энэхүү гишүүдийн ёс зүйн асуудал нь иргэд төрийн албан хаагчдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх, улмаар УИХ-ын нэр хүнд, Төрийн ордны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа учраас гишүүдийн ёс зүй, хариуцлага, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын тулд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн төслийг хүргүүлжээ.

Мөн дүрмийн төсөл болон УИХ тогтоох үйл ажиллагааны чанар үр нөлөө, парламентын засаглалын нэр хүндийг дээшлүүлэх, гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах арга замын талаарх саналаа яаралтай ирүүлэхийг хүссэн байна.

Сануулахад, өнгөрсөн онд ЗГХЭГ-аас бүх яам, агентлагт шалгалт хийж төрийн албаны ажилчид ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон тогтоол гаргасан юм. Энэ хүрээнд Төрийн ордонд нэвтэрч буй бүх хүний бичиг баримтыг шалгаж, гар тээшийг рентген төхөөрөмжөөр шалгаж оруулдаг болсон юм.