Говь-Алтай аймгийн Алтай сумаас баруун урд зүгт 90 км-т орших Өргөстэй гэх газарт өчигдрийн 15:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Сумын засаг дарга Д.Цэрэвсамбуугийн мэдээлснээр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй ба ямар нэгэн хохирол учраагүй байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлт ихсэж, гамшгийн эрсдэл хоёр дахин нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон юм.

Мөн хүн амын 86 хувь нь 7-9 баллын газар хөдлөлтийн бүсэд амьдарч байгаа ба он гарсаар 261 газар хөдлөлт болсноос 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 16-нд Баянхонгор аймгийн Заг суманд 5.2 магнитуд, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 4.1 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.