Сүүлийн нэг жилд 15 мянган гэр бүл салах өргөдөл гаргасны 12 мянган нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүджээ. Үүнээс болж 19 мянга гаруй хүүхэд өнчирч үлддэг байна.

Гэвч гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдсэн салалтыг нийгэм зөв мэтээр хүлээн авч “Нөхөр нь араар нь тавиад л салчихсан ш дээ. Залуу дээрээ салсан нь ч зөв болсон юм” гэх зэргээр амархан ярьдаг. Тэгвэл гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцааны талаар гэр бүлийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй ярилцлаа.

Гэр бүл сална гэдэг цаасан дээрх бичиг баримтыг өөрчлөөд л болчихдог гэх амархан ойлголт нийгэмд түгээмэл болоод байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

Олон нийтийн нүдэнд “Өө араар тавиад салчихлаа” гэдэг зүйл л харагддаг. Гэтэл үнэндээ гэр бүл сална гэдэг хэзээ ч амар байдаггүй. Салах шийдвэрийг нэгхэн сарын дотор гаргаад “Би чамаас салсан шүү. Үлдсэн амьдралдаа чамтай уулзахгүй” гэх зүйл хэзээ ч хэний ч амьдралд байдаггүй.

Нэгэнт дундаа хүүхэдтэй, тодорхой хугацааг хамтдаа туулаад өнгөрүүлсэн. Хамаатнуудын амьдралд нэлээн оролцоотой Монгол шиг ийм бат бөх соёлд гэр бүл саллаа гэх шийдвэрийг цаасаар гаргаад л нэг нэгэнтэйгээ ярихгүй байна гэж хэзээ ч байхгүй. Салалт гэдэг зүйл хүн бүрийн амьдралд өөр өөр шалтгаантай байдаг.

Статистик мэдээнээс харахад гэр бүл салалтад гэр бүлээс гадуурх харилцаа хамгийн их нөлөөлж байгаа харагдаж байна. Тэгэхээр гэр бүлээс гадуурх харилцаа үүсэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл юу вэ?

Статистик тооноос хараад гэр бүл салалтад гэр бүлээс гадуурх харилцаа хамгийн их нөлөөлдөг гэж харах нь өрөөсгөл ойлголт л доо. 2008 оноос өмнө гэр бүл болж байсан хүмүүсийн тоо бага байсан учир сүүлийн жилүүдэд статистик тоо өссөн үзүүлэлттэй гардаг. Яахав Монголын нийгэмд гэр бүлээс гадуурх харилцаа байгаа. Гэхдээ энэ нь гэр бүлээ салгах үндсэн шалтгаан гэж би бодохгүй байна. Яагаад гэхээр зөвлөгөө авах гэж ирсэн хүмүүсээс харахад маш олон шалтгаан байдаг.

Миний ажиглаж байгаагаар цаг хугацааг хуваарилж байгаа байдал гэр бүл салалтад маш их нөлөөлдөг. Нэгдүгээрт архи согтууруулах ундаа хэрэглэх цаг хугацааг маш их гаргадаг. Энэ нь байгууллагын соёл, найз нөхдийн хүрээлэл, чөлөөт цагаа зөв өнгөрөөх соёл үүсээгүй зэрэгтэй холбоотой. Ингэснээр гэр бүлдээ зарцуулах цаг багасах эсвэл тогтмол бага байсан үед гэр бүл салах магадлал нэмэгддэг.

Хоёрдугаарт хоорондын харилцаа багасаж байгаа үед. Жишээ нь хүүхдийн тоо нэмэгдэж, нас явахын хэрээр нэг нэгэндээ зориулах цаг багасдаг. Энэ бол дэлхий нийтийн л жишиг.

Бие биедээ зориулах цаг бага байгаа тохиолдолд нэг нэгэндээ харилцаа холбооны загвар тогтсон байх шаардлагатай байдаг. Магадгүй өглөөний цайгаа хамт уух, оройн хоолоо хамт хийх, цайны цагаараа утсаар ярих, нэгнийгээ хүнд үед нь цаг гаргах хэрэгтэй.

Тэгвэл гэр бүлүүдийн дунд харилцаа холбооны загвар төдийлөн сайн хөгжөөгүй байна гэсэн үг үү?

Монголчууд өглөөний цайгаа хамт уух, оройн хоолоо хамт хийх, цайны цагаараа утсаар ярих зэрэг цагийг тэр бүр ашигладаггүй. Ингээд нэг нэгэндээ цаг гаргахгүй байхаар нэг л мэдэхэд хэн хэнийхээ амьдралд оролцоогүй болсон байдаг.

Ингэхээр “Би чамайг 15 жилийн өмнө таньдаг байсан. Одоо хэн гэдгийг чинь мэдэхгүй байна. Тиймээс цаашдаа тусдаа байсан нь дээр юм байна” гэх шийдвэрт хүрэх тохиолдлууд бий.

Харин гэр бүлээс гадуурх харилцаа итгэл гэх зүйлийг үгүй хийх хэмжээний сэтгэл санааны гүнзгий гэмтэл үлдээдэг. Маш олон хүмүүс гэр бүлээс гадуурх харилцааг мэдсэн тохиолдолд цочролын үйл ажиллагаа эхэлдэг. Энэ цочрол хэдий хугацаанд үргэлжилж хэрхэн эмчлэх талаар эхнэр нөхөр хэн хэн нь мэддэггүй.

Хууртагдсанаа мэдсэн хүний хамгийн эхний үйлдэл “Хоёулаа салъя” гэж илэрдэг. Энэ хугацаа буюу цочролын үеийг туулж байхдаа маш олон хосууд гэр бүлээ салгах шийдвэр гаргадаг. Тиймээс гэр бүлийн харилцаагаа цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгийг цочролын үеийг давсны дараа хамтдаа төлөвлөх нь зүйтэй.

Тэгвэл цочролын хэсгийг хэрхэн давах нь зөв юм бэ?

Зарим хүн шашин шүтлэгээр хүлээн зөвшөөрөх гэж оролдох, зарим нь тэр мэдрэмжийг чимээгүй болгодог. Сэтгэлзүйн хувьд бусдаасаа арай эрүүл нь “Би энэ мэдрэмжийг тодорхой хугацаанд мэдэрнэ. Цочролын үе өнгөрсний дараа бодож эхлэе” гэх нь зөв.

Сэтгэл хөдлөлийн ямар нэг мэдрэмжийг даван туулж байж эдгэрдэг. Уйлмаар байвал уйлаад, хүнтэй ярилцмаар бол ярилцах зэргээр дотоод мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ эхнэр/нөхрөө хамгийн адгийн хүн гэх байдлаар эцэг эх, үр хүүхэд, найз нөхдөдөө ойлгуулж болохгүй.

Цочролын үед “Би маш их хохирсон. Тэгэхээр миний мэдэрч байгаа энэ шаналлыг хэн нэгэн мэдрэх ёстой. Би яагаад ганцаараа зовох ёстой гэж”  боддог. Энэ бол цочролын үед хамгийн хүчтэй мэдрэх эхний мэдрэмж. Энэ үед хэн нэгнийг бие болоод сэтгэл санааны хувьд гэмтээхийг хүсдэг. Ингээд төлөвлөгөөнүүдийг боловсруулж эхлэн нөхөр/эхнэрээ хашраая гэж боддог. Гэвч цочролын үед хийсэн үйлдлүүд тэр бүр зөв байдаггүй. Жишээ нь эхнэртэйгээ явалдсан хүнийг зодох, магадгүй тэр хүн гэр бүлтэй бол мэдэгдэх зэргээр зовлонгоо бусдад түгээдэг.

Харин араар тавьсан хүн нь “чи наадахаа битгий яриад бай, боль, би мартчихсан байхад” гэх зүйлийг ярьдаг. Учир нь араар тавьсан хүн бүх зүйлийг урьдчилан төсөөлж байдаг учир баригдах үед нэг их цочролд ордоггүй.

Өөрийг нь хуурсан ч гэсэн гэр бүлээ алдмааргүй байгаа хүмүүс байдаг. Үүнээс болоод эхнэр/нөхрөө цагдаж байгаа харагддаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Цочролын үед зөв үйлдэл хийнэ гэдэг хэцүү. Тэгэхээр ийм байдал үүсэхэд миний буруу байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Гэр бүлээс гадуурх харилцаа эхэлсэн цаг хугацаа голдуу өөрийнхөө үнэ цэнийг хайж яваа үед байдаг. Би аягүй чухал хүн шүү гэх мэдрэмжээ алдах үед хайртай хүмүүс нь өөрийг анзаарахгүй “Чи битгий гомдоллоод бай, битгий ингэ” гэх зэргээр тухайн хүнийг сонсохын оронд зааварчилгаа өгдөг. Энэ үед өөр хэн нэгэн гарч ирснээр дотно харилцаа үүсэх магадлал их өндөр байдаг.

Гэр бүлийн сэдвийг ярьж байгаа учраас хүүхдийг орхигдуулж болохгүй нь. Гэр бүлээс гадуурх харилцаа илэрсэн үед аав ээжийн аль аль нь хүүхдийг мартчихдаг юм шиг. “Нэг охин долдугаар ангид байхдаа аавыгаа өөр хүнтэй явж байгааг харсан байгаа юм. Энэ асуудлаас үүдэн аав ээж хоёр нь салсан. Гэвч үүнээс хойш 10 жилийн хугацаанд охин аавтайгаа огт уулзаагүй” гэх жишээ байна. Тэгэхээр хүүхэд ийм асуудлыг мэдсэн тохиолдолд уучлах гэдэг зүйл том хүнээс илүү удаан байдаг уу?

Яг үнэн. Эр эм хоёр дахиж уулзахгүй байх шийдвэрийг гаргаж чадна. Харин үүний үр дүн хүүхдэд илүү хүнд тусна. Хүүхэд өөрийгөө буруутгаад үлдэх магадлал маш өндөр байдаг. Энэ охины хувьд аавтайгаа уулзах боломж байгаа ч уулзахгүй байна. Яагаад гэвэл ээжийнхээ өмнө гэм буруутай зүйл хийхгүйн тулд шийдвэрийг нь хүндэтгэж байна.

Хүүхэд аливаа зүйлийн бурууг өөр дээрээ аваад үлдчихдэг. “Ээж аав хоёр надаас болоод салсан” гэх зэргээр хүүхдүүд маш их гомддог. Хүн болгон бага байхдаа ээж аавын хэрүүлд өөрийгөө буруутгаж үзсэн байдаг. Энэ нь олон удаа давтагдвал “Би хэрэггүй хүн юм байна” гэх амьдралынхаа утга учрыг алдах мэдрэмжийг төрүүлдэг.

“Чи хүүхдээ хараач, чиний хүүхэд биш юмуу, хүүхдээ бодооч” гэх үгсийг хүүхдийн дэргэд хэзээ ч битгий хэл.

Уг нь хэрүүл маргааны үед хүүхдийг байлгалгүй, хүүхдээсээ л болж хамт амьдарч байна гэдэг зүйлийг ярихгүй байх нь чухал. Гэтэл Монголчууд хүүхдээсээ л болж амьдарч байна гэх зүйлүүд түгээмэл ажиглагддаг.

Монголын соёл энэ тохиолдолд салсны дараа гомддог, ойр дотныхон нь уулзахгүй байхыг дэмждэг. Наад зах нь ээж аав найз нөхөд “Чи тэр нэг юмтай яах гэж уулзаад байдаг юм. Дахиж хэзээ ч битгий уулз” гэх зэргээр ханддаг. Харин Европын соёл дараа дараагийн гэр бүлтэйгээ холбоотой байх, салсныхаа дараа гэр бүлээрээ уулзаж хүүхдийнхээ төлөө байхыг дэмждэг.

Зарим эцэг эхчүүд “Миний хүү аав ээжийгээ салвал хэнтэй нь амьдрах вэ” гэж асууж байгаа ажиглагддаг. Энэ нь асуулт хүүхдэд их хүндээр тусдаг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ цочрол олон удаа давтагддаг орчинд хүмүүжсэн хүүхэд том болоод ямар хүн болох магадлалтай вэ?

Энэ асуулт маш түгээмэл байдаг. Цочролын үед хүүхдээсээ хэзээ ч битгий ямар нэгэн зүйл асуу. Хүүхэд тэр мэдээллийг аваад яаж ч чадахгүй өөртөө уусгаад л авчихна. Ийм гэр бүлд өссөн хүүхдийн сэтгэл зүйн үйл ажиллагаа эрүүл орчинд амьдарч буй хүүхдээс хоцрогдмол байдаг. Өөрөөр хэлбэл, танин мэдэхүйн ур чадвар, урт хугацаанд шийдвэр гаргах чадвар, хүнтэй зөв харилцах, хүндлэх зэрэг дадал зуршил суудаггүй.

Байнгын айдас түгшүүр дунд байхаар сэтгэл зүй тайван байж өөрийгөө хөгжүүлж, бодох цаг хугацааг олгодоггүй. Үүнээс гадна насанд хүрээд эмэгтэй/эрэгтэй хүнд итгэх итгэл буурах магадлалтай. Гэхдээ ийм орчинд өссөн хүн болгон эсрэг хүйстнээ үзэн ядна гэсэн ойлголт байхгүй.

Уг нь ийм асуудалтай гэр бүлд өсөж байгаа хүүхдэд аав ээжээс гадна тусалж дэмжиж урамшуулдаг халамжилдаг хүн байх хэрэгтэй. Хэрэв ийм хүн байвал хүүхэд цочролыг эерэгээр даван туулах магадлал өндөр байдаг.

Тэгвэл ийм асуудалтай гэр бүлд та юу гэж зөвлөмөөр байна вэ?

Үлдсэн амьдралаа бодоод, яаж амьдрахаа төсөөлөөд үүнд таны нөхөр/эхнэр хамт байвал төсөөллөө бодит болгохын төлөө л хичээ. Эхнэр нөхөр ирээдүйгээ хамтдаа төсөөлж, ярилцдаг байх нь чухал. Ингэж чаддаг гэр бүл хамгийн хүчтэй нь байдаг. Үүнийг хүн болгон бодоосой гэж хүсэж байна.