ТЕГ Голомт хотхоны С блокт Мягмар гарагт тусгай ажиллагаа явуулж, дөрвөн хайрцаг нотлох баримтыг хураан авсан юм. Улмаар “тагнуул хийх шинжтэй гадаадын иргэнийг саатуулсан” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саатуулагдаад байсан М, А, В нарыг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Тодруулбал, Прокуророос яллагдагч М, А, В нарыг цагдан хорих саналыг Лхагва гарагт ирүүлжээ. Улмаар шүүх өнөөдөр хуралдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр гаргасан байна.

Гэхдээ уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.