Багш нар цалингаа голж, зарим сургуулиуд хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс эхлэн хугацаагүйгээр ажил хаяад буй. Тэдний гол шаардлага нь үндсэн цалинг хамгийн багадаа 15 хувь цаашлаад ирэх оны нэгдүгээр сар гэхэд 50 хувиар нэмэгдүүлэх юм.

Харин эцэг эхчүүд үүнд бухимдалтай байгаа талаар ажилгүй залуу багш нарын төлөөлөл мэдэгдэл хийлээ. Тэд “багш нарын голоод буй одоогийн цалингаар ажиллах хүсэлтэй олон багш байгаа” гэлээ.

Тухайлбал, ажилгүй багш нарын байгуулсан фэйсбүүк группд одоогоор 240 гаруй багш байдаг гэнэ. Тэдний зарим нь хүүхдээ хараад ажил хийж чадахгүй байгаа бол зарим нь багшлах эрхийнхээ шалгалтад тэнцээгүй, багшлах эрхтэй ч ажлын орон тоо байдаггүй байна.

Ялангуяа хувийн сургуульд багшилдаг ч улсын сургуульд орох хүсэлтэй багш нар олон байдаг гэнэ. Гэвч улсын сургуульд орон тоо байдаггүй талаар тэд ярьж байна.

Тэдний зүгээс ‘багш нар гурван сар амарч орж ирчихээд үргэлжлүүлэн ажил хаяж байгаа нь сурагчдын эрх ашгийг зөрчиж байна. Мөн ажил хаялт нь цаг үеэ олоогүй, зохион байгуулалтгүй байна. Тиймээс энэ нөхцөл байдалд тулгуурлан ажилгүй байгаа багш нартаа боломж олгож, ажлын орон тоогоор хангаж өгөхийг хүсэж байна’ гэлээ.

Ямартай ч багш нар ажил хаялтаар шантаачилж цалингаа нэмүүлэхээр тэмцэж байгаа бол, ард нь голоод буй цалингаар нь ажиллах хүсэлтэй залуу багш нар олон байгаа гэдгийг санууллаа.

Дашрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд 112 сургууль байгаагаас 86 нь ажил хаялтад нэгдэж байгаагаа мэдэгдээд буй юм.

Тэдний энэ тэмцэлд есөн сарын нэгнийг шинэхэн хувцсаа хэд дахин өмсөж хүлээсэн сурагчдын эрх зөрчигдөж байгааг сануулахад илүүдэхгүй мэт.

Зураг: Өдрийн Тойм