Шинэчилсэн 19:03- Цагдаагийн газраас Гу Харагийн үхлийн шалгааны талаар мэдэгдэл хийлээ. Талийгаач 12:35 цагт гэртээ орсон ба гэрийн үйлчлэгч 18:00 цагт цогцсыг нь олжээ. Мөн цагдаа нар гэрээс нь тэмдэглэл олсон ба гэрчүүд мэдүүлэгээс үзэхэд гэмт хэргийн ул мөр илрээгүй байна. Гэвч талийгаачийн гэрийнхний хүсэлтээр задлан шинжилгээ хийх боломжтой юм.


Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Гу Хара Сөүл хот дахь гэртээ амьсгал хураасан байдалтай олджээ. Цагдаагийн газраас талийгаачийн нас барсан шалтгааныг мэдээлээгүй байгаа ба өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийх юм. 

Кпопын алдарт Кара хамтлагийн гишүүн байсан Гу Хара өнгөрсөн онд экс найз залуугийнхаа хүчирхийлэлд өртсөн гэж цагдаад гомдол гаргасан юм. Гэвч түүний найз залуу болох Чой Жон Бум ч мөн талийгаачийн халдлагад өртсөн гэж мэдүүлжээ. 

Цагдаа нар хожим талийгаачийн секс бичлэгийг олон нийтэд цацахыг сүрдүүлсэн хэргээр Чойд хэрэг үүсгэж өнгөрсөн наймдугаар сард тэнсэн харгалзах ял оноосон юм. Уг асуудлаас болж Гу Хара өнгөрсөн тавдугаар сард амиа хорлох оролдлого хийж эмнэлэгт хүргэдсэн ч азаар амьд үлдсэн байна. Улмаар тэрээр фенүүдийнхээ санааг зовоосонд уучлалт гуйн цаашид сайхан амьдрахаа амласан юм. 

Түүнчлэн талийгаач энэ сарын эхээр ганцаарчилсан уран бүтээл гаргаж Японд аялан тоглолт хийжээ. 

Өнгөрсөн сард Гу Харагийн дотны найз, дуучин Сулли 25 насандаа амиа хорлосон юм. Мөн 2017 онд алдарт SHINee хамтлагийн дуучин Ким Жон Хюн 27 насандаа өөрийн амийг егүүтгэжээ. 

Эх сурвалж: Buzzfeed, CNN, Allkpop