НМХГ-аас иргэний гомдлын дагуу БГД-ийн хоёрдугаар хороонд байрлах Salon & Studio гоо сайхны газарт хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар тус газар нь тусгай зөвшөөрөлгүй, арьс гоо заслын мэргэжлийн эмчгүй, орон тооны эмчилгээний гоо заслын сувилагчгүйгээр батга эмчилгээ, эхэсийн тарилга, чих цоолох, хөмсөг шивэх үйлчилгээг хийж байсныг илрүүллээ.

Мөн шивээсчин Г нь хөмсөг шивэх үйлчилгээ үзүүлэхдээ стандарт мөрдсөн эсэх нь тодорхойгүй, мөнгө хураасан баримт бичиг байхгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Үүнээс гадна БГД-ийн 14-р хороо, 12-р байрны нэг тоотод байрлах Гоо марал гоо сайхны газарт шалгалт хийхэд гоо сайханч нь мэргэжлийн бус, үйлчилгээ, цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй зэрэг зөрчил илэрчээ.

Түүнчлэн ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан хаяж, устгуулдаггүй байжээ. Иймд дээрх хоёр ААН-д Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулсан байна.