СБД-ийн 19-р хороо Гоодойн аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 13:55 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 74, 10, 26, 18-р анги болон нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллан, түймрийг цурманд оруулсан ба бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм.

Ийнхүү хаврын хуурайшилттай, салхи шуургатай энэ үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан энэ мэтээр түймэр гарах тохиолдол их байгаа гэдгийг ОБЕГ-аас анхаарууллаа. Тухайлбал, он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.  

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг албаныхан зөвлөлөө.