Гүүглийн олон улсын салбарын ажилчид өнгөрсөн сарын 31-нд ажлын байрны бэлгийн дарамтыг эсэргүүцэн нэгэн зэрэг ажил хаялт зарласан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор компаний дүрэм журамд заасан бэлгийн дарамтын эсрэг авах арга хэмжээнд өөрчлөлт оруулахаар болжээ.

Тухайлбал, бэлгийн халдлага, дарамтын талаарх гомдлыг Арбитрын шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй болсон байна. Гэхдээ энэ нь бүх гомдолд үйлчлэхгүй бөгөөд гомдол гаргагч хэргээ Арбитрын шүүхээр оруулах эсэхээ сонгох эрхтэй гэнэ.

Үүнээс гадна ажилтнуудын дунд хоёр жил тутамд явуулдаг байсан бэлгийн дарамтын талаарх сургалтыг жил бүр зохион байгуулахаар болсон байна. Мөн ажлын байран дээр архидан согтуурах явдлыг таслан зогсоохоо мэдэгджээ.

Өнгөрсөн сарын 25-нд Нью Йорк таймс сонин Гүүглийн андройд системийг зохион бүтээгч Анди Рубин 2013 онд эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн бөгөөд ажлаасаа гарахдаа 90 сая долларын тэтгэмж авсан талаар нийтэлсэн юм.

Үүний дараа тус компаний Америк, Энэтхэг, Сингапур, Япон, Их Британи, Швейцар, Герман дахь салбарын олон мянган ажилтан нэгэн зэрэг ажил хаяж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC, The Guardian