Google компани энэ долоо хоногт аппликэйшнүүд, “Chrome” вэб хөтөч болон төхөөрөмжүүддээ шинэчлэл хийнэ гэлээ. Тэдний зарим нь аль хэдийн хэрэглээнд нэвтэрсэн байна. Тэгвэл одоогоор нэвтэрсэн шинэчлэлүүдийг хүргэе.

Google Chrome-ийн томоохон өөрчлөлт

Уг вэб хөтөч “Site Isolation” буюу сайт тусгаарлалт гэх шинэ аюулгүйн үйлчилгээг танилцууллаа. Үүнийг ашигласнаар хэрэглэгчдийн аливаа бүртгэлтэй хаягийн нэвтрэх нэр нууц үг, цаашлаад сайт ажиллуулдаг бол контент зэргийг хуулж авдаг хорлонтой вэбсайтуудаас хамгаалдаг болох юм байна.

Site Isolation нь одоогийн байдлаар Windows, Chrome OS, Mac, Linux зэрэг компьютеруудэд ажиллаж байгаа гэнэ. Харин Андройд утасны Chrome-д хараахан нэвтрээгүй байгаа юм. Google компаний мэдээлснээр Chrome ашиглагчдын 99 хувь нь бүрэн хамгаалагдсан байна.

Гэхдээ Site Isolation 10-13 хувь илүү багтаамж эзлэх тул зарим тохиолдолд гацах, ачааллаж байсан хуудас зогсох зэрэг сул тал ажиглагджээ.

Удаан уншдаг хуудаснуудыг нэг тийш нь!

“Хурдны шинэчлэл” буюу Speed Update гэж нэрлэсэн шинэхэн тохируулгыг Chrome-д нэмжээ. Тухайлбал, удаан уншиж, ачаалладаг хуудаст үнэлгээ өгч хайлтын үед доогуур тавигдах бол, хурдан уншдаг чанартай хуудас хайлтын хамгийн дээр гарч ирэхээр болсон байна.

Google Maps дээр байгууллагуудад үнэлгээ өгч болдог боллоо

Google Maps аппликэйшнээс ирсэн Notification буюу мэдэгдэл дээр нь шууд тухайн газартаа үнэлгээ өгч болдог болжээ. Сэтгэгдэл үлдээх шаардлагагүй гэнэ шүү.

Google Pay гурван шинэчлэл хийжээ.

  • Google Pay Send, Google Pay хоёр нэгдэн ганц аппликэйшн болсон байна. Тус аппликэйшн нь төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг юм. Америкийн хэрэглэгчид одооноос эхлэн тус аппликэйшнийг ашиглан мөнгө шилжүүлж, хүсэлт гаргаж болохоор болжээ. Харин Их Британийн хэрэглэгчдэд тун удахгүй хүрэх гэнэ.
  • Мөн QR кодтой тул Америкчууд тоглолтын болон онгоцны билетийг хэвлэх шаардлагагүй аппликэйшндээ хадгалахад л болох юм байна.
  • Google-ийн хаягтай уялдсан учир таны хаяг нэвтэрсэн утас, таблет, компьютер гээд ямар ч төхөөрөмжөөс хийсэн гүйлгээ өөрчлөгдөхгүй байхаар болжээ.

Google Assistant буюу туслахын хоолойнуудыг өнгөөр ялгажээ

Энэ нь хүнийг улс төрийн үзэл бодол болон тухайн хүний гарал үүсэл, үндэс угсаагаар ялгаварлалтаас сэргийлэх зорилготой гэнэ. Тухайлбал, тодорхой үндэстэнд түгээмэл байдаг нэрийг ашиглахаас зайлсхийж, өнгийг ч тохиолдлоор өгсөн бөгөөд ягаан, цэнхэр өнгөнд эрэгтэй хоолойг хуваарилсан байх жишээтэй.

Youtube Incognito буюу нуугддаг тохиргоотой болжээ

Incognito Mode буюу таны хайсан, үзсэн зүйл хадгалагддаггүй тохиргоог зөвхөн вэб хөтчид ашиглаж болдог байсан юм. Тэгвэл одооноос та Youtube үзэхдээ ч нуугдаж болдог боллоо. Уг тохиргоог хүссэн үедээ идэвхжүүлэх ба өөрөө унтраахаас нааш идэвхгүй болохгүй юм.

Гэхдээ та Incognito Моde-ийг идэвхжүүлсэн тохиолдолд таны бүртгүүлсэн Youtube суваг, өмнө нь үзэж байсан зүйлсээ харж болохгүй гэнэ.

Chrome-ийн загварт тун удахгүй гарах шинэчлэлүүд

  • Chrome-ийн хайлт хийх хэсэг саарал өнгөтэй болно.
  • Хайх зүйлээ бичих хэсгийн өнцгүүд дугуйрна.
  • Tab болон pinned tab-ийн харагдах байдалд ч мөн өөрчлөлт орж, өнцгүүд нь дугуйрах юм байна.
  • Хайлт хийх хэсгийг мэдрэгчтэй төхөөрөмжүүдэд зориулан хэмжээг нь томсгоно.

Google Chrome нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг вэб хөтөч юм. Энэ оны эхний зургаан сарын байдлаар вэб хөтчийн зах зээлийн 62.04 хувийг эзэлсэн бол Internet Explorer 12.03, Firefox 10.41 хувийг тус тус эзэлсэн байна.

Эх сурвалж: Forbes, Express