Цахим хэвлэлийг нийтэд илүү хялбар түгээх зорилгоор Google нийтлэгчидтэй хамтарч ажиллаж байгаагаа Даваа гарагт мэдэгдлээ.

Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл хурдацтай хөгжиж буй үед мэдээ мэдээллийг илүү хүртээмжтэй байлгахаар “Google News” санаачилгаас хэрэгжүүлж буй ажлын нэг гэнэ.

Нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь давхар цахим хэлбэрээр мэдээллээ хүргэх болсон. Иймд энэхүү нэмэлт үйлчилгээгээр хүнд хэрэгтэй мэдээлэлтэй хуудас, сайтуудыг хайлтын системд эхэнд хүргэхээр болжээ.

Цахим хэвлэл олон хэлбэрээр хүрдэг болсон ч гарчгаасаа тухайн мэдээ хэр ашигтай мэдээлэл агуулж буй нь ихэнх тохиолдолд тодорхойгүй байдаг талаар Google News-ийн Саймон Рожерс мэдэгдэлдээ дурдсан байна. Мөн тэрээр “Google-ийн хайлтын систем мэдээллийг гаднаас нь дүгнэж хайлтын үр дүнг үргэлж ашигтай байлгах амаргүй” гэжээ.

Сайт, хуудастаа мэдээ хийхэд тухайн мэдээг хайлтын системд хэрхэн хүртээмжтэй харагдуулах, илүү зохион байгуулалт сайтай өгөгдөл оруулах тухай тайлбартай сонголт цахим хэвлэлийн байгууллагуудад нэмэлтээр орсон байна.

Тэгвэл энэхүү сонголтыг өөрсдийн хуудасны HTML-д нэмснээр хэвлэлийн байгууллагууд уншигчид хайлт хийх үед мэдээ нь ямар байдлаар харагдахыг хянаж болдог гэнэ.

Одоогоор уг нэмэлт үйлчилгээ туршилтын шатанд байгаа тул хайлтын үр дүн бүрэн дүүрэн ашигтай байхгүй гэнэ. Мөн Google News санаачлагаас вэб хөгжүүлэгчид болон цахим хэвлэлийн байгууллагуудад зориулан мэдээллээ хэрхэн илүү олон хүнд хүртээх талаар заавар гаргасан байна.

Хэрэв та мэдээллээ илүү хүртээмжтэй байлгахыг хүсвэл эндээс зааврыг уншиж болох гэнэ.

Эх сурвалж: Theverge