Гүүглийн компаний үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Сергей Брин нар толгой компани болох Алпабетийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр Гүүгл компаний гүйцэтгэх захирал Сундар Пичай Алпабетийг удирдахаар болжээ. 

Пэйж, Брин нар Алпабетийн ТУЗ-ын гишүүн хэвээр үлдэх ба санал хураалтад давуу эрх эдлэх юм. Тэд энэ талаар захидалдаа, “Алпабет, Гүүглийг цаашид хоёр захирал удирдах шаардлагагүй гэж үзсэн учир бид албан тушаалаа орхиж байгаа” гэжээ. 

Пэйж, Брин нар 1998 онд Гүүгл компанийг байгуулсан ба 2015 онд үйл ажиллагаагаа өргөтгөж Алпабет компанийг байгуулсан юм. Улмаар Алпабет нь Гүүгл хайлтын системийг сайжруулахаас гадна автомат удирдлагатай машин, интернет үйлчилгээ зэрэг салбарт хүч сорих болжээ. 

Харин 2015 онд Пэйж, Брин нар Гүүгл компаний удирдлагыг Пичайд шилжүүлсэн байна. Пичай өмнө нь бүтээгдэхүүний хэлтсийн дарга, Chrome хайлтын систем болон Андройд үйлдлийн системийн хөгжүүлэлтийн удирдагчаар ажиллаж байжээ. 

Эх сурвалж: CNN, BBC