Говь-Алтай аймгийн Цээл сумаас урд зүгт 20 км-т орших Эрээн нуруу гэх газарт Пүрэв гарагийн 05:27 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ талаар Цээл сумын Засаг даргын орлогчоос тодруулахад малчид, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэлээ. 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 05:54 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. 

Манай улсад газар хөдлөлт ихсэж, гамшгийн эрсдэл хоёр дахин нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон юм. Тухайлбал, хамгийн сүүлд буюу энэ сарын 14-нд Баянхонгор аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.