Грекийн Санторини аралд аялж байгаа 100кг-аас илүү жинтэй жуулчдыг илжиг унахыг Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн яамнаас хоригложээ. Мөн уналгад ашиглаж байгаа илжигнүүдийг өдөрт дор хаяж хагас цаг амрааж тасралтгүй усалж байх шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн долдугаар сард хүнд жинтэй жуулчин илжиг унаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсны дараа илжгийг уналгад ашиглахыг хориглох шаардлагад 100 мянга гаруй хүний гарын үсэг зуржээ. Учир нь илүүдэл жинтэй жуулчид илжигний биед гэмтэл учруулж байна гэж амьтан хамгаалах хөдөлгөөнийхөн үзсэн байна.

Санторини арал нь эгц өгсүүр байрлалтай бөгөөд машин багтах боломжгүй нарийн замтай юм. Иймээс жуулчид далайн эргээс тосгон хүрэхийн тулд илжиг унадаг байна.

Эх сурвалж: CNN, Huffpost