Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро улс оронд нь тулгараад буй томоохон цахилгааны саатлыг далимдуулан 17 хүний аминд хүрсэн гэж сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо мэдэгдлээ.

Түүний хэлснээр Ням гарагт зургаан мужийн зарим хэсэг цахилгаантай болсон бол 16 муж огт тоггүй хэвээр байгаа ба үүнээс үүдэн хувийн компаниуд 400 сая долларын алдагдалд орсон гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Венесуэл улсын 70 хувь нь цахилгаангүй болсон бөгөөд эмнэлгүүдийн үйл ажиллагаа зогссон байна. Гуайдогийн хэлснээр тус улсад шатахуун, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, нийтийн тээврийн хүрэлцээ маш хомс байгаа гэнэ. Мөн дөрвөн хоногийн турш тог цахилгаангүй байх үеэр 17 хүн амиа алдсан бөгөөд энэ нь Венесуэлийн засгийн газрын буруу гэжээ.

Харин Мадуро цахилгаан станцад гарсан гэмтлийг өнгөрсөн Баасан гарагт засварласан боловч Америкийн хакерууд станцын үйл ажиллагаанд саад болсон гэж мэдэгдсэн байна. Гэвч Гуайдогийн хэлснээр Венесуэлийн эрчим хүчний гол станц нь хуучирсан, интернеттэй холбогдоогүй учир хакердсан байх боломжгүй гэнэ.

Мөн тэрээр өнөөдрийн парламентын тусгай хуралдаанаар онц байдал зарлана гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Түүний хэлснээр Венесуэлийн сөрөг хүчин гадаадад цэргийн үйл ажиллагаа явуулах, гадны цэргүүдийг оруулж ирэх эрхтэй гэнэ.

Гуайдо хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар Герман, Япон, Бразил, Колумбын төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд одоогоор 1.5 тэрбум долларын дэмжлэг авчээ.

Эх сурвалж: CNN, The Guardian