Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна. Чуулганд нийт 117 улсын 3000 гаруй зочид, төлөөлөгч оролцож байгаа юм. 

Чуулганд оролцох үеэрээ ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн улсын ерөнхийлөгч, томоохон байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Тодруулбал, Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай ганцаарчлан уулзаж, бараа, бүтээгдэхүүнүүдээ бусад улсын зах зэх зээлд гаргах, Монголд ноосны үйлдвэрийг хөгжүүлэх талаар ярилцсан байна. 

Мөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын ерөнхийлөгч Бөргэ Брендтэй уулзсан ба геополитикийн асуудлаар голчлон санал солилцжээ. Харин Gucci компанийн захирал Марко Биззаритай Дарханд хэрэгжиж буй арьс, шир боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж, Gucci брэнд Монголын боловсруулсан арьсыг ашиглах боломжтой эсэхийг лавласан байна. 

Марко Биззари Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Монгол руу өөрийн багийг илгээж, арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөлтэй танилцан судалгааны ажил эхлүүлнэ гэлээ. 

Үүнээс гадна Швейцарын ерөнхийлөгч Симонетта Соммаругатай уулзаж, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар санал солилцож, усны хомсдол үүсэхээс сэргийлэх, тусгай хамгаалалттай нутгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг олон улсын эвсэлд нэгдэх асуудлаар ярилцсан юм. 

Манай улс жил бүрийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцдог ба 2009-2011, 2013-2017 онд Ерөнхийлөгчийн түвшинд, 1997, 1998, 2001, 2002, 2003, 2012 онд Ерөнхий сайдын түвшинд, 1991, 2018, 2019 онд Засгийн газрын сайдын түвшинд оролцжээ.