Зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний зориулалттай 20 ширхэг цэвэрлэгээний төхөөрөмжийг Хот тохижилтын газарт нийлүүллээ.

Үүнийг ДАЛУ ХХК нийлүүлсэн ба европ стандартаар үйлдвэрлэгдсэн тус төхөөрөмж нь 3.5 литр дизель түлш мото цагт зарцуулдаг байна. Мөн хогийг шүүрдэх, хамах, соруулахаас гадна талбайг ус цацаж угаах, чийгшүүлэх, тоос бужигнуулалгүй вакум орчинд хогийг соруулж хамдаг онцлогтой гэнэ.

Зураг: НЗДТГ

Эдгээр цэвэрлэгээний төхөөрөмжийг холбогдох улсын бүртгэлд бүртгүүлж, номер дугаар зүүсний дараа буюу наадмаас өмнө хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.

Түүнчлэн уг төхөөрөмжид нэг жилийн баталгаа өгсөн ба цаашид шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангах боломжтой гэж ДАЛУ ХХК-ийн захирал Э.Ган-Эрдэнэ хэллээ.

Хотын дарга С.Амарсайхан дөрөвдүгээр сард Хот тохижилтын газарт ажилтнуудын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх цэвэрлэгээ үйлчилгээний тоног төхөөрөмж авч үйлчилгээнд нэвтрүүлэхийг холбогдох албаныханд даалгажээ. 

Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт анх удаа орчин үеийн, шаардлагыг хангасан, олон улсын стандарт бүхий эдгээр бага оврын цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг тендер шалгаруулан худалдан авсан байна.

Зураг: НЗДТГ