Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ замын ажил гурван ААН газар авч, хашаалснаас болж саатаад байна. Иймд замын ажил хааж хашаа барьсан гурван ААН-д хугацаатай мэдэгдэл хүргүүллээ. 

Мэдэгдэлд заасан хугацаанд хашаагаа татаж, замын трас чөлөөлөхгүй бол шууд буулгах юм. Нийслэлээс зам барихаар төлөвлөсөн газарт БОАЖЯ-аас газар олгосон нь ийнхүү асуудал үүсгээд байна. Эдгээр ААН-д урьдчилан мэдэгдэж, хуульд заасны дагуу хоёр удаа сонсох ажиллагаа явуулсан юм. 

Уг зам нь Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн баруун талаас урагшаа гарч шинэ нисэх онгоцны буудал руу явах хурдны замтай нийлэх юм. Цаашлаад 22-ын товчооны зам руу хүрэх хоёр салаа замын эхлэл болж байгаа юм. 

Яармагт сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгууд ихээр баригдаж Яармагийн зам цаашид ачааллаа дийлэхээргүй болж байна. Иймд энэ замын яаралтай бариж дуусгах шаардлагатайг албаныхан хэллээ.