МХЕГ-аас хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдах үйл ажиллагаатай холбоотойгоор шалгалт хийж байна. Одоогийн байдлаар Хэнтий, Архангай, Өвөрхангай аймгаас нийт 42 тарвага, 16 буу, 26 хавх хураан авч, гурван хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Тодруулбал, Хэнтий аймгаас 14 тарвага, 26 хавх, таван буу, нэг машин, Архангай аймгаас 16 тарвага, найман буу, Өвөрхангай аймгаас 12 тарвага, гурван буу, 24 ширхэг сум, хоёр хутга хураасан байна.

Түүнчлэн иргэд хууль зөрчин хавх болон нохойгоор тарвага бариулах, бууг бусдад шилжүүлэх, тарваганы түүхий мах, арьсыг нийслэлд оруулахыг завдсан зэрэг зөрчил гаргажээ.

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой гэгддэг ба тарваган тахлаар өвдсөн тохиолдолд толгой өвдөх, өндөр халуурах, булчирхай томрох, цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Өнгөрсөн жил тарваган тахлын долоон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн юм.

Тиймээс иргэд тарваган тахлаас урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзахыг зөвлөж байна.