Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн хурал энэ сарын 14-нд болж гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдууллаа.

Тодруулбал, хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцэж, гурван шүүгчийн цалинг зургаан сар 30 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн дээрх 13 шүүгчид холбогдох гурван гомдлыг хойшлуулж, хоёр гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эдгээр шүүгчид нь аль шатных ямар шалтгаанаар сахилгын шийтгэл оноосон нь тодорхойгүй байна.

Шүүгчдийн хувьд хэтэрхий баян гэх шүүмжлэлд ихээр өртдөг юм. Тодруулбал,  2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс үзэхэд хамгийн өндөр хөрөнгөтэй нь улсын дээд шүүхийн шүүгч нар байгаа юм.

Жишээ нь, дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийн жилийн орлого 79 сая төгрөг ба 378 сая төгрөгийн хувийн орон сууцтай байна. Мөн 63 саяар үнэлэгдэх морь мал, 130 саяын үнэт эдлэл, дансандаа 190 сая төгрөгийн хадгаламжтай байгаа юм. Хуульд зааснаар тэд давхар ажил хийх, бизнес эрхлэх боломжгүй бөгөөд дунджаар сарын 3-4 сая төгрөгийн цалинтай байдаг гэнэ.