Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд болон манай улсад эрчимтэй хөгжиж буй спортын төрөл бол MMA буюу холимог тулааны спорт юм. Энэхүү тулааны төрлөөр манай тамирчид гадны том холбоонд тулаан хийж шинэ аваргууд төрөн гарсаар байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн Ням гарагт холимог тулааны хамгийн том холбоодуудын нэг болох Беллатор холбооны Bellator-221 ээлжит тулааны тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд манай улсаас Х.Амартүвшин анх удаа тулаан хийж ялалт байгууллаа.

Х.Амартүвшин нь Америкийн тулаанч Адам Уордой гурван үеийн турш ширүүхэн тулаан хийж дэвжээний шүүгчдийн санал нэгтэйгээр ялалт авсан юм. Тэрээр мэргэжлийн холимог тулааны октагонд 15 дахь тулаанаа хийж ийнхүү ялснаар 11 ялалт дөрвөн ялагдал гэсэн үзүүлэлттэй болж байна.

Беллатор холбоо нь холимог тулааны дэлхийн номер нэг холбоо болох UFC-тэй мөр зэрэгцэн бичигддэг гэдгээрээ онцлогтой. Харин уг холбоонд анх удаа Монгол тулаанч тулалдаж ялалт байгуулсан нь тус спортын түүхэн дэх бас нэгэн онцлох үйл явдал боллоо.

Сануулахад, Америкийн Сан Франциско хотын Dragon house холбооноос манай улсын тулаанчид болох Н.Отгонбаатар, Д.Батсүмбэрэл нар аваргын бүсийг нь саяхан авсан юм.