Манай улсын урдаа барьдаг үйлдвэрийн нэг бол яах аргагүй Эрдэнэт юм. Гэсэн ч Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал одоо болтол ээдрээтэй хэвээр байгаа юм. Тухайлбал, 2012 онд “Жаст”-ын Ш.Батхүү тус үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан асуудал, нөгөө талаас Эрдэнэтийн 49 хувийг төрд эсвэл хувьд авах асуудал маргаан дагуулсаар удаж байгаа юм.

Энэ жил Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн түүхт ой тохиож байна. 40 жилийн ойг угтан тус үйлдвэрийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлын үеэр Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн 51 хувийн асуудлаар мэдэгдэл хийж, “Эрдэнэт үйлдвэр Стандарт банканд нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Энэ хэргийг улсад хор хохиролгүйгээр шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

Сануулахад, Стандарт банкнаас Эрдэнэт үйлдвэрийг 109 сая долларыг төлөхийг шаардан Английн Арбитрын шүүхэд хандсан. Харин Арбитраас 109 сая долларыг 51 сая доллар болгон бууруулж, Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой гэсэн шийдвэрийг оны өмнөхөн гаргасан. Мөн Эрдэнэт үйлдвэр дээрх 51 сая доллар урьдчилан байршуулсан тохиолдолд давж заалдах эрхтэй гэж дүгнэжээ. Гэсэн ч манай талаас давж заалдаагүй.

Харин Х.Бадамсүрэн хэлэхдээ “Бидэнд 51 сая доллар байршуулж давж заалдах боломж байгаагүй. Хэрэв байршуулсан бол тэдний гарт очих байсан. Одоо бодоход бидний хуулийн хүрээнд явуулж байгаа үйл ажиллагаа зөв. Цаашдаа давж заалдахаар ажиллаж байгаа” хэмээн мэдэгдлээ. Мөн Стандарт банктай өмгөөллийн буюу хуулийн компаниар дамжуулан уулзах хүсэлт тавьсан ч тодорхой хариу өгөөгүй байна.

Арбитрын шүүхээс гаргасан давж заалдах эрхийн хугацаанд манай тал давж заалдаагүй. Энэ нь нэг талаараа Арбитрын шүүх шийдвэрээ эцэслэн тогтоох үндэслэл болж байгааг албаныхан хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр төлөхгүй гэж мянга мэдэгдээд, гадаад дахь дансыг нь хааж байгаад хүчээр авна. Арбитрын шийдвэр 130 гаруй оронд хэрэгждэг. Манайх үүнийг нь дагана гээд нэгдчихсэн улс” гэж АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал хэлсэн нь бодит байдлаас нэг их зөрөхгүй биз.

Гэсэн хэдий ч манай талаас дахин давж заалдана гэж тас зөрсөөр байгаа учир тодорхойгүй. Дахин заалдах эрх зүйн үндэс ч байхгүй. Заалдлаа гэхэд Манайхны ганц голоо дэвтээж байгаа зангилаа нь Жастын Ш.Батхүү гэгч бүхэл бүтэн улсын өмчийн үйлдвэр, сайд дарга нарын гарын үсэг, тамга тэмдгийг  хуурамчаар үйлдсэн гэх балархай төдий таамаг.

Харин Арбитраас Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьд Засгийн газраас баталгаа гаргаж өгсөн нь үнэн гээд тогтоочихсон. Хэрэв энэ үнэн бол үүний ард улс төрийн том эрх ашиг байгаа нь гарцаагүй гэх хар таамаг ч бий. Ямартай ч энэ асуудлыг улсад хор хохиролгүй шийднэ гэх албаны хүмүүсийн амлалт үнэн эсэхийг харах л үлдлээ.