Эрдэнэт үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ олборлож, бүтээгдэхүүн гаргаснаас хойш 40 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд 870 сая тонн хүдэр олборлож, 820 гаруй сая тонн хүдрийг боловсруулсан байна. Мөн 16.6 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 131.7 мянган тонн молибдены баяжмал экспортолжээ.

Өнөөдрийн байдлаар хүдэр олборлох жилийн хүчин чадал 35 сая тонн, хүдэр боловсруулах чадал 32 сая тоннд хүрч, жилд 600 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5000 мянга орчим молибдены баяжмал гаргадаг байна.

Мөн тус үйлдвэрт 6500 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний ар гэрийн нийт 30 мянган хүний амьдралын баталгаа болж буй томоохон үйлдвэр юм. Өнгөрсөн онд л гэхэд 580 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол он гарсаар есөн сарын байдлаар төсөвт 560 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлжээ.

Тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг 40 жил гэж ярьдаг. Харин бид геологи хайгуул үйлдвэрийн нөөцөд хийсэн судалгаагаар дахиад 60 жил үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөөц боломж байгааг тогтоосон. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй гэрэл гэгээтэй байна” гэлээ.

Мөн уурхайгаа тэлэх, гүний уурхайн нөөцийг илрүүлэх, үйлдвэрийн орчимд шинээр геологи хайгуулын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд үйлдвэрийг дараагийн 15 жил хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж, тав таван жилээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэх бөгөөд зарим төслийн ажил эхэлсэн байна. Тухайлбал, ил уурхай дээр мөчлөгт урсгалтай тээврийн технологийг нэвтрүүлэх ба ингэснээр олборлох хүдрийнхээ дотоод зардлыг 20 хүртэл хувь хүртэл, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэтгэлийг хийснээр боловсруулах хүдрийн өртгийн 10 орчим хувийг хэмнэх боломжтой болох гэнэ.