Оросын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах шинэ шийдлийн талаар саналаа хуваалцсан юм. 

Тодруубал, иргэдийн амьдралын асуудлыг шийдэх шинжлэх ухаан технологийн ололт, эдийн засгийн оновчтой шийдлийг нэвтрүүлэхэд тулгарч буй хориг, саадыг арилгахад зөвлөгөө өгөхийг чуулганд оролцогчдоос хүссэн байна.

Мөн эдийн засгийн хоршил, нөөцийн оновчлол зэрэг дэвшилтэт шийдлийг бүс нутгийн орон зайд нэвтрүүлэхээр ажиллаж буй төсөл, бизнесийг онцгойлон дэмжих хэрэгтэйг онцолсон юм. Гэхдээ бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлыг шийдвэрлэхэд улс төрөөс ангид авч үзэх нь зүйтэй гэжээ. 

Харин Орос, Монголын хамтын ажиллагааны тухайд “Далайд гарцгүй манай улсын хувьд Оросын Алс Дорнодын боомтууд нь дэлхийн улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэлээ. 

Мөн манай улсын газар зүйн онцлогийг харгалзан хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор төлөөлөгчийн газрыг Владивосток хотноо байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Уг  шийдвэр нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилготой байна. 

Ийнхүү Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг дурдаж, төслүүд хэрэгжсэнээр бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарахад түлхэц болно гэжээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жилийн чуулганаар Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг уялдуулах үүрэг бүхий байгууллага байгуулах саналыг гаргасан байна. Энэ хүрээнд Эрдэнэс Монгол компани, Оросын Россети компани хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. 

Дорнын эдийн засгийн чуулганд энэ жил 65 орны 8000 гаруй төлөөлөгч оролцсон ба ерөнхийлөгч Х.Баттулга Пүрэв гарагт Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзсан байна.