ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөөг боловсруулах төслийн баримт бичигт ХХААХҮЯ болон ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн дүнд ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээг сайжруулснаар түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын орлогыг тогтворжуулах боломж нээгдэх юм.

Мастер төлөвлөгөөг боловсруулах төсөл 2020 оны нэгдүгээр сараас гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. ЖАЙКА-аас ХАА, МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлт, боловсруулалт, борлуулалт, экспортын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх болон хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм.

Мөн төслийн хүрээнд хүнсний ногооны боловсруулалтыг нэмэгдүүлэх, сүүний нийлүүлэлтийн ложистикийг сайжруулах зэрэг загвар төслийг сонгон хэрэгжүүлнэ.

Хэдийгээр ХАА болон МАА нь манай улсын тэргүүлэх салбар боловч бэлчээрийн даац хэтрэлт, хүнсний үйлдвэрлэлийн тогтворгүй байдал зэрэг асуудал тулгамдсаар байгаа юм. Түүнчлэн технологийн шинэчлэл, түгээлтийн сүлжээг сайжруулах шаардлагатай байна.  

Тиймээс Японы Засгийн газарт мастер төлөвлөгөөг боловсруулах хүсэлт тавьснаар ЖАЙКА хоёрдугаар сард төслийн нарийвчилсан судалгааг хийж, хамтарч болох салбарыг тодорхойлжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь манай улсын ДНБ үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг ба нийт ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг нь тус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа юм.