Европын гурав дахь том улс Ирланд нь өмнөд болон хойд гэж хоёр хуваагддаг ба Хойд Ирланд нь Их Британий эзэмшлийн муж юм. Харин Өмнөд Ирланд нь бүгд найрамдах улс бөгөөд 84,4 мянган км кв газар нутагтай. Хүн ам нь 4,8 сая ба албан ёсны хэл нь Ирланд, Англи юм. Нийслэл Дублин хотод нийт хүн амын дөрөвний нэг нь оршин суудаг ба Корк, Уотерфорд, Уэксфорд, Дрогеда, Галуэй зэрэг томоохон хотуудтай. Ирланд улс нь энэ онд ДНБ-ээрээ дэлхийд дөрөвт бичигджээ. 

Давуу тал: 

Байршил - Ирланд нь Америк, Канадтай хамгийн ойрхон Европын улс юм. Мөн Ирланд нь Европын бусад оронтой ч ойрхон бөгөөд Их Британи руу нэг цаг, Барселон руу хоёр цаг, Ром руу гурван цаг нисэхэд л хангалттай. 

Гэмт хэрэг - Ирландын галт зэвсгийн хууль нэлээд чанга бөгөөд зөвхөн фермтэй хүмүүс л буу эзэмших эрхтэй. Иймээс галт зэвсэгтэй холбоотой халдлага бараг гардаггүй. Мөн бусад төрлийн гэмт хэргийн гаралт ч бага учир амьдрахад аюулгүй орны нэг юм. 

Эрүүл мэнд - Бүх урт хугацааны оршин суугчид эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй ба орлого багатай иргэд эрүүл мэндийн картаар ихэнх нь үйлчилгээ үнэгүй авдаг. Харин картгүй иргэд Засгийн газрын хөнгөлттэй үнээр үйлчлүүлдэг байна. Мөн хөнгөлттэй эм, хүнд өвчтэй иргэдийн хөнгөлөлт, хүүхдийн эмчилгээний хөнгөлөлт зэрэг үйлчилгээг авах боломжтой. 

Иргэншил - Ирландад давхар иргэншил авч болдог. Иймд Ирландын иргэн болсноор төрөлх иргэншлээ хаях хэрэггүй гэсэн үг. Гэхдээ нөгөө улс нь мөн давхар иргэншлийг зөвшөөрдөг байх шаардлагатай. 

Банк - Гадны иргэд ч банкны данс нээлгэх боломжтой. Үүний тулд бичиг баримтынхаа зургийг гэрийн хаягийн тодорхойлолттой хамт өгөх шаардлагатай юм. Гэхдээ онлайнаар данс нээх бараг боломжгүй гэнэ. 

Нийтийн тээвэр - Том хотуудын нийтийн тээвэр хурдан, найдвартай ч заримдаа удаан хүлээх шаардлага гардаг. Мөн автобус, галт тэрэгээр хотоос гарч хүрссэн газартаа хүрэх боломжтой ба илүү хол явахаар бол хямдхан машин түрээсэлж болно. 

Сул тал: 

Цаг агаар - Ирландын цаг агаар үүлэрхэг, бороо их ордгоороо алдартай. Зуны цагт ч ихэнх өдрүүд бороотой байдаг ба цаг агаарыг нь таамаглах боломжгүй. Иймээс Ирландад бүх улирлыг нэг өдөрт үзэж болно гэж ярьдаг байна. Гэхдээ бараг цас ордоггүй ч хүйтэн хэвээрээ л байдаг. 

Амьдралын өртөг - Хотын төвд амьдралын өртөг нэлээд өндөр байдаг. Харин хотын зах руу орон сууцны түрээс хямдхан ч нийтийн тээвэр чиглэл бага байна. Нийтийн тээврийн нэг талын тасалбар 7400 төгрөг, такси нэг км нь 3800 төгрөг байдаг. Харин орон сууцны түрээсийн үнэ 2.9-6 сая төгрөг, нэг метр кв-ын үнэ 8-11.5 сая төгрөг байна. 

Паб - Ирландчууд пабд орох дуртай. Тэнд хоорондоо танилцаж, хөгжим сонсож суухад хамгийн тохиромжтой. Гэхдээ пабд архи их уудаг байна. 

Шатахуун - Шатахууны татвар өндөр учир үнэ нь дагаад өсдөг. Ирланд 2017 оны байдлаар дэлхийн хамгийн үнэтэй шатахуунтай орны дөрөвт бичигдсэн ба татвар нь нэг танк шатахууны үнийн 60 хувьтай тэнцдэг байна. Нэг литр шатахууны үнэ 4200 төгрөг байдаг. 

Зээл - Орон сууцны зээл авахад Ирландчуудад ч хүндрэлтэй байдаг. Гадны иргэдийг эрсдэл өндөртэй зээлдэгч гэж үздэг бөгөөд нутгийн иргэд гадны хүмүүст орон сууц түрээслэх дургүй гэнэ. Мөн орон сууцны зээл хөөцөлдөхөд удаан хугацаа шаардлагатай. 

Эх сурвалж: Transferwise, Irish central