Канад улс нь 9,98 сая км кв газар нутагтай дэлхийн хоёр дахь хамгийн том орон юм. Баруун хойд болон өмнөд хэсгээрээ Америктай хиллэдэг. Нийслэл нь Оттава хот бөгөөд Торонто, Монтреал, Ванкувер гэсэн томоохон хотуудтай. Канад нь 37,6 сая хүн амтай ба албан ёсны хэл нь Англи, Франц. Мөнгөн тэмдэгт нь Канад доллар. Тус улс нь Парламентын ардчилал бүхий Хаант засаглалтай бөгөөд төрийн тэргүүн нь Английн хатан хаан Элизабет. Харин засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд Жастин Трюди юм. Канад улс нь хүний хөгжил, эдийн засаг, байгалийн баялгаараа дэлхийд дээгүүрт бичигддэг бөгөөд олон улсын маргаантай асуудалд бараг оролцдоггүй, төвийн сахисан гадаад бодлоготой. Тус улс нь энэ онд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд 18-д бичигджээ. 

Давуу тал: 

Ажил - Эдийн засгийн өсөлтөө сайжруулах, чадварлаг боловсон хүчний хомсдлыг багасгахын тулд Засгийн газар нь гадаад ажилтнуудыг татах арга хэмжээ авдаг. Ингэснээр Канад улс ажилгүйдлийн түвшингээ тогтвортой барьж чаддаг байна. Мөн ажилчдын дундаж цалин нь 6,4 сая төгрөг байна.

Нээлттэй - Тус улсад амьдарч байгаа хүмүүсийн дөрөвний нэг нь гадны иргэд байдаг учир олон орны соёлд нээлттэй ханддаг. Иймээс орчин нөхцөл, иргэдтэй нь дасахад хялбар.

Эрүүл мэнд - Олон улсын эрүүл мэндийн систем нь үнэгүй үйлчилгээ үзүүлдэг. Харин нэг хүн жилийн найман сая төгрөгийн ЭМД төлөх шаардлагатай байдаг байна.

Гэмт хэрэг - 1991 оноос хойш гэмт хэргийн гаралт нь буурсан бөгөөд онц хүнд гэмт хэрэг үйлдэгдэх нь маш ховор. Үүгээрээ Канад нь дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэг юм. 

Боловсрол - Ахлах сургууль хүртэлх боловсролын систем нь хүн бүрт үнэгүй бөгөөд чанартай. Харин их сургуулийн төлбөр нь Европын орнуудаас өндөр. Их сургуулиуд нь математик, уран зохиол, шинжлэх ухааны салбарт дэлхийн шилдэг 10-т багтдаг ба иргэдийнх нь 55 хувь нь дээд боловсролтой байна. Энэ нь дэлхийн дунджаас 15 хувиар өндөр гэсэн үг юм.

Иргэд - Канадууд дүрэм журмыг ягштал баримталдаг ба эелдэг, найрсаг хүмүүс. Тэд тантай дэлгүүрт, гудамжинд яриа өрнүүлэхээс татгалзахгүй. Иймээс биеэ даасан байдлыг эрхэмлэдэг орны хүмүүс Канадад амьдарснаар илүү нийтэч болно. 

Байгалийн баялаг - Үнэт чулуу, чулуужсан нүүрс, мод болон бусад барилгын материалд ашигладаг байгалийн баялаг ихтэй. Иймээс Канадад байшин барих, засвар хийх нь өртөг багатай. 

Байгаль - Далай тэнгис, нуур, уулс, тундр зэргийг нэг дороос харж болох үзэсгэлэнт байгалийн тогтоцтой. Иймээс зүүн эрэгт загасчилж завиар зугаалах, төвийн нутгаар ан хийх боломжтой. Мөн Канадын аль ч хэсэгт уулын аялал хийхэд тохиромжтой юм. 

Нийгмийн халамж - Жирэмсэн эхчүүдэд 52 долоон хоног хүртэл, шинэхэн эцэг эхчүүд 35 долоо хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй бөгөөд долоо хоногт 1.1 сая төгрөгтэй тэнцэхүйц цалин олгоно. Мөн нийт ажилтнууд жилд 15 долоо хоногийн цалинтай чөлөө авдаг байна.

Сул тал: 

Эрүүл мэнд - Эрүүл мэндийн үйлчилгээнд нь сул тал бий. Ялангуяа жижиг мужуудад яаралтай эмнэлгийн тусламжийг асуудалгүй үзүүлдэг ч удаан хугацааны үйлчилгээ авахад хүлээлт үүсдэг байна.

Амьдралын өртөг - Бусад оронтой харьцуулахад амьдралын өртөг өндөр. Мөн Монтреал, Ванкувер, Торонто зэрэг томоохон хотуудад татвар, орон сууцны түрээс нь нэлээд өндөр байдаг. Тухайлбал, нэг кг үхрийн мах 30 мянга, нэг хайрцаг тамхи 40 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин орон сууцны түрээс 2.5-4 сая, кв метрийн үнэ 12.4 сая байдаг. 

Засгийн газрын хяналт - Канадууд аль сургуульд явж, аль ресторанд транс тостой хоол идэж байгаад нь хүртэл Засгийн газар нь хяналт тавина. 

Виз - Канадын цагаачлалын хууль нь хатуу бөгөөд жилд 250 мянган дүрвэгч, цагаач иргэд хүлээн авдаг. Тус улсад ажлын виз гаргуулахад удаан хугацаа шаардлагатай ба гурван сая гаруй төгрөг хүртэлх төлбөр төлөх ёстой гэнэ. Харин чадварлаг ажилтнуудад энэ процесс илүү хялбар байдаг аж

Эх сурвалж: Transferwise, NWI visas