Энэ жилийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тогтоолын дагуу ХХААХҮЯ-ны ажлын хэсэг гантай байсан Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-өлгий аймагт ажиллалаа.

Одоогоор 21 аймагт хадлан бэлтгэлийн ажил 60 гаруй хувьтай байгаа ба Баян-Өлгий аймаг хадлан тэжээлээ бүрэн хангаад байна. Мөн Ховд аймаг 98.7 хувьтай, Архангай 89 хувьтай, Хэнтий 87.7 хувьтай, Хөвсгөл 85.6 хувьтай хадлан тэжээлээ хураажээ.

Харин Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүхэлд нь 80-аас дээш хувьтай хангаж байгаа ба бусад аймгийн өвөлжилтийн бэлтгэл 50-70 хувьтай байгаа юм.

Улсын хэмжээнд наймдугаар сарын сүүлээр 84.2 сая толгой малаас 16.5 саяыг  хэрэгцээндээ ашиглаж 67.7 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна.

Энэ зун зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст, хөл газрын ургамал түрж ургасан, тачир сийрэг байгаагаас ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаагаас үүдэн нийт нутгийн 40 орчин хувьд бэлчээрийн даац хэтэрсэн байгаа юм. 

Тухайлбал, Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймагт нийт өвөлжих малын 32.0 хувь нь ногдож байгаа ба өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн дүн гарчээ.