УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт Хүсэлт тавих тухай албан бичиг илгээлээ.

Уг бичигтээ, албан тушаалаа урвуулан ашиглаж хахууль авсан МХЕГ-ын нэр бүхий алба хаагчдын авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, хэт хөнгөн ял оногдуулсан шийдвэрийг дахин хянахыг хүссэн байна. 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл бий болсон эсэхийг шуурхай нягтлан үзэж, цаашид ял завшуулахгүй байх арга хэмжээ авахыг хүсжээ.

Харин Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид илгээсэн бичигтээ,  дээр дурдсан хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль хэрэглээний талаар алдаа дутагдал гарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг хүссэн байна.

Сануулбал, албан тушаалаа урвуулан ашиглан тэрбум гаруй төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон хэлтсийн дарга Н.Баярсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм. Харин Э.Аззаяа, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.