Сүүлийн үед бага насны хүүхэд бэртэж гэмтсэн, амиа алдсан харамсалтай тохиолдлууд ар араасаа цувран гарч хүүхдэд ээлгүй нийгмийн эмгэнэлт царай илчлэгдсээр.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт хүүхдийн паркийн тоглоом эвдэрч унасны улмаас дөрвөн хүүхэд гэмтсэн, мөн өнгөрөгч Баасан гарагт гүүр барих зорилгоор ухаж төнхсөн нүхэнд тогтсон усанд 11 настай хүү үйж амиа алдсан хэрэг гарсан юм. Хамгийн сүүлд буюу Даваа гарагт БЗД-ийн 71 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүүгийн толгой дээрээс хөндлөвч төмөр унаж эрдэнэт амийг нь авч одсон гашуудам хэрэг гарлаа.

Ниргэсэн хойно нь хашхирдаг Монголчуудын нийтлэг зангаар тоглохоор гараад хэзээ ч ирэхгүйгээр одсон хүүд эмгэнэл илэрхийлж, салбарын сайд Ц.Цогзолмаа тус сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болсон байна.

Гэмт хэрэг, хүчирхийллийн хамгийн том золиос нь хүүхэд болж, жил ирэх тусам үзүүлэлт нь нэмэгдэж байгаа шалтгаан нь төрийн байгууллагын уялдаа холбоо, хүүхэд хамгааллын бодлого хууль эрх зүй сул дорой байгаатай холбоотой.

Өнгөрсөн оны байдлаар 1700 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон бол, 1066 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатарын мэдээлсэн байна. Үүний улмаас 127 хүүхэд амь насаа алдсаны 50 хувь нь зам тээврийн ослоос үүджээ.

Үүнээс үзэхэд өнөөгийн нийгэмд хүүхдийн эрхийн асуудал ямар хэмжээнд хүрсэн нь харагдаж байна. Тэдэнд сурч боловсрох бүү хэл тоглох ч эрх хязгаарлагдмал байна. Үүний хамгийн тод жишээ тэд зүгээр л тоглох гэж гараад аав ээждээ дахиж хэзээ ч ирэхгүйгээр одсон дээрх хүүхдүүд.

Гэвч энэ бүх бурууг нийгэм рүү чихэх нь өрөөсгөл ойлголт. Таны завгүй гэх шалтгаан, цаг мөч бүхэн хүүхдээ хүчирхийлэлд өртүүлж байдгийг та мэдэх үү?

Энэ оны эхний улиралд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй тохиолдол 59 бүртгэгджээ. Одоогоор энэ тоо 68 болсон байна. Сэтгэл санааны хохирол амссан хүүхдийн тоо одоогоор 499 болсныг албаныхан хэллээ. Хамгийн харамсалтай нь эдгээр тохиолдлуудын 70 гаруй хувийг хамаарал бүхий этгээдүүд үйлдсэн байна.

Хамаарал бүхий этгээд гэдэг нь хамгийн наад зах нь ойр хавьд байх хүмүүс, хөрш цаашлаад эцэг эх, хамаатан садан нь гэсэн үг юм. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн дээрх 68 тохиолдлын 76 хувь нь төрсөн эцэг эхтэйгээ байх үед, 18 хувь нь хойд эцэг эхтэйгээ нийт дүнгээрээ 94 хувь нь ямар нэг байдлаар хамаарал бүхий хүмүүс үйлджээ.

Хүүхдийн гэгээлэг ертөнцөд сүүдэр тусах бус хэзээ наран мандахыг “Хүүхдийн төлөө за” гэж худал хэлдэг томчуудаас асууя!