Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийтийн тээвэрт үйлдэгдэж буй халаасны хулгай, бусад гэмт хэргээс сэргийлэх үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран уулзалт зөвлөгөөн хийлээ.

Он гарсаар хулгайн гэмт хэргийн гаралт 40 хувиар буурсан ч нийтийн тээвэрт үйлдэгдэж буй халаасны хулгайн хэрэг буурахгүй байгаа гэнэ. Мөн нийт хулгайн гэмт хэргийн 17 хувь нь нийтийн тээвэрт үйлдэгддэг байна.

Иймд уг гэмт хэргийн эсрэг Нийтийн тээврийн газар болон Улаанбаатар смарт карт компаниудтай хамтран ажиллаж нийтийн тээврийн камержуулалтыг хэвийн ажиллагаанд оруулахаар боллоо.

Өнгөрсөн онд нийтийн тээврийн хяналтын камерын ажиллагаанд шалгалт хийхэд 80 орчим хувь нь ажиллахгүй байсан юм. Иймд ирэх зургадугаар сарын нэгний дотор бүх автобуснуудын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулахыг Улаанбаатар смарт карт ХХК-д үүрэг болголоо.

Нийтийн тээврийн хяналтын камерыг ажиллуулснаар халаасны хулгай болон бусад гэмт хэрэг тодорхой хувиар буурна гэж албаныхан үзжээ.

Дашрамд дурдахад, автобусанд хулгайд алдагдаж буй эд зүйлсийн 94 хувийг гар утас, үлдсэн хувийг мөнгө, түрийвч зэрэг бусад эд зүйлс эзэлдэг байна. Мөн халаасны хулгай үйлддэг 18-40 орчим насны 400 орчим этгээдүүд байгааг Нийслэлийн цагдаагийн газраас бүртгэлжүүлэн тогтоожээ.