Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Оросын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт Лхагва гарагт Чингисийн талбайд боллоо.

Тоглолтыг Оросын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран сайхны удирдаач, хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүн баг зохион байгуулсан ба тоглолт Монгол, Оросын төрийн дууллаар эхэлсэн юм.

Ингээд Цэнхэр тал минь, Дөрвөлсөн морьт цэрэг, Ариун дайн, Гургалдай шувуу, Берлинээс би харьж явна, Борхон бүсгүй, Катюша, Дамнуургатай наймаачид, Алив эрэг, уушин газар луу довтлоорой, Питерийн гудамж дагуу зэрэг цэрэг, дайны сэдэвт дуу, бүжгээр үргэлжилжээ.

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгон хөгжүүлэх, баримтат болон уран сайхны кино, телевизийн цуврал нэвтрүүлэг бүтээх зэрэг ажлыг зохиож байна.

Тухайлбал, Оросын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны Русские Витязи багийн уран нислэгийн үзүүлбэр өчигдөр Хүй долоон худагт болсон бол Халхын гол-Бид мартахгүй хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 31-нд Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолборт болно.

Халх голын 1939 оны байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой есдүгээр сарын гурванд тохиож байна.