Архивын ерөнхий газар, Оросын архивын агентлаг хамтран Халхын голын дайн-1939 сэдэвт үзэсгэлэнг Монголын үндэсний музейд дэлгэлээ.

Үзэсгэлэнд БНМАУ, Манжго улсын хилийн будлиан зохицуулах бага хурлын төлөөлөгчдийн явуулсан цахилгаан, хурлын тэмдэглэл, Халхын голын байлдааны схем зураг, тушаал, төлөвлөгөө, дайны нөхцөлийн акт,В.М.Молотов, С.Того нарын БНМАУ, Манжго улсын хоорондох хилийг нарийвчлан тогтоох тухай 1940 оны хэлэлцээрийг дэлгэсэн байна. 

Мөн фронтын сонин, ухуулах хуудас, ховор баримт бичиг, гэрэл зураг, 1940 онд Халхын голын ялалтад зориулан Москва хотын Кинохроникын төв студид найруулагч И.Копалины бүтээсэн анхны баримтат киног үзүүллээ.

Үзэсгэлэнгийн үеэр Халхын голын зэвсэгт мөргөлдөөн, 1939 оны тав-есдүгээр сар номын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Архивын салбарт хамтран ажиллах Монгол, Оросын засгийн газар хоорондын комиссын хуралдаан долоодугаар сарын 15-19-нд Эрхүүд зохион байгуулагдсан байна. Уг хуралдаанаар Халх голын орчим Манжуурын хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөнд хоёр улсын ялсан ялалтыг хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор Халхын гол-1939 түүхэн баримтат үзэсгэлэнг гаргахаар шийдвэрлэсэн байна.

Сануулбал, Халхын голын ялалтын ялалтын 80 жилийн ойд зориулж наймдугаар сарын 12-нд Монголын үндэсний музей, Оросын Буриадын үндэсний музейтэй хамтран Халхын гол, Ялалтын 80 жил үзэсгэлэнг дэлгэсэн юм. 

Мөн энэ сарын хоёронд  МОНЦАМЭ агентлаг, Оросын Россия сегодня агентлагийн Спутник радиотой хамтран Хоёр ард түмэн-Нэг ялалт гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гаргасан байна.