Жон Ленноны Imagine, Queen хамтлагийн Бохемийн Рапсоди зэрэг дууг мэдэхгүй хүн цөөн. Дуу болгон өөрийн гэсэн түүхтэй ба зарим дууг хэдхэн минутын дотор бичсэн байдаг. Бийтлс хамтлагийн гишүүн МкКартни 20 минутын дотор Yesterday дууг бичсэн байна.

Тэгвэл энэ удаад алдарт дуучин Леонард Кохены Hallelujah дуу хэрхэн бүтсэн талаар сонирхуулъя. Кохены карьер 40 жил үргэлжилсэн ба тэрээр амьдралынхаа туршид 14 цомог гаргажээ. 

Кохен Hallelujah дуун дээр 1979 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд таван жилийн дараа буюу 1984 онд Various positions гэх цомогтоо багтаасан байна. Кохен эхэлсэн зүйлээ заавал дуусгадаг байсан ба Hallelujah дууны үгийг 60 удаа өөрчилсөн гэж нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ. 

Гэхдээ эхэндээ Hallelujah дууг хэн ч тоож сонсоогүй байна. Гэхдээ Кохен дуун дээрээ үргэлжлүүлэн ажилласан ба зарим үгийг нь өөрчлөн дууныхаа уртыг нэмж, 1990 онд нэгэн үдэшлэг дээр тогложээ. Энэ үдэшлэгт нэрт дуучин Жон Кэйл байсан бөгөөд түүнд Hallelujah маш их таалагдсан байна. 

Концертын дараа Кэйл Кохентэй уулзаж Hallelujah дууг өөр найруулгаар хийх хүсэлтээ илэрхийлж, Кохен түүнд өөрийн өмнө нь зохиож байсан бүх хувилбаруудаа өгчээ. Бараг 15 хуудас дууны үг факсдсан байсныг би санадаг гэж Кэйл ярьсан байдаг. 

Ингээд тэрээр эх хувилбарын эхний хоёр бадаг, концертын найруулгын сүүлийн гурван бадгийг авч гол хөгжмийг нь төгөлдөр хуур болгосноор Кэйлийн найруулга үүсжээ. 

Тэр дуугаа 1991 оны I’m your fan цомогт багтаасан боловч Hallelujah мөн л алдарт хүрч чадсангүй.

Үүний дараа залуу дуучин Жэфф Бакли найзынхаа гэрийг харж байхдаа тэднийд байсан Hallelujah дууг сонсож өөрийнхөө найруулгыг хийхээр шийджээ. Тэрээр Hallelujah дууны шинэ найруулгыг Нью Иоркийн нэгэн жижиг бааранд тоглож байх үед Колумбиа Рекордсын эрхлэгч гэрээ хийх санал тавьсан байна. Улмаар 1994 онд Баклигийн цорын ганц цомог Grace зарагдаж эхэлжээ.

Та бүхний сонсож буй энэхүү найруулга нь Hallelujah дууны хамгийн алдартай найруулга. Гэвч Жэфф Бакли Миссиссиппи голоор сэлж байгаад гэнэт алга болсон ба хэдэн өдөр хайсны эцэст түүний цогцсыг эрэг дээрээс олсон байна. 

Ийнхүү түүний цомгийг хүмүүс борлуулагдаж эхэлснээс гурван жилийн дараа буюу Баклиг нас барсны дараа маш их худалдаж авснаар Hallelujah дэлхий даяар алдар нэрд хүрчээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Hallelujah дууг зуун зуун дуучин дуулсан юм.

Эх сурвалж: Malcolm Gladwell Podcast