ДЭМБ-аас энэ сарын 10-ныг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон зарласан ба энэ өдөр сэтгэцийн өвчнөөс дэлхий нийтээрээ сэргийлэх талаар хэлэлцдэг байна. Сүүлийн жилүүдэд сэтгэцийн өвчний талаар ойлголт өөрчлөгдсөн ч олон хүмүүс энэ талаар ярихыг хүсэхгүй хэвээр байгаа юм. 

Дэлхий даяар 40 секунд тутамд нэг хүн ямар нэг сэтгэцийн өвчний улмаас амиа алддаг байна. Манай улсад сэтгэцийн өвчний талаарх мэдээлэл судалгаа хомс байдаг ба нас баралтын 50 шалтгааны зургадугаарт амиа хорлолт ордог юм. Мөн дэлхийд амиа хорлолтын үзүүлэлтээрээ гуравт бичигддэг ба эрчүүдийн амиа хорлолтоор хоёрдугаарт, эмэгтэйчүүд 23-т жагссан байна.

Иймээс ДЭМБ-ын мэдээлснээр хамгийн түгээмэл сэтгэцийн өвчнүүд болон тэдэнтэй хэрхэн тэмцэх талаар танилцуулъя. 

Сэтгэл гутрал - Энэ нь хүний мэдрэмж, бодол, үйлдэлд нөлөөлдөг өвчин бөгөөд хэдэн сар, жилээр уйтгар гунигт автуулдаг байна. Улмаар өмнө нь дуртай байсан зүйлсээ сонирхохоо болих, хоолны дуршил буурах, нойр өөрчлөгдөх, эрч хүчгүй болох, ядрах, үнэ цэнэгүй, буруутай санагдаж эхэлдэг. Ийм шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг гэр бүл, найз нөхөд нь аль болох эрт илрүүлж сэтгэл зүйг нь өргөх арга хэмжээ авах нь чухал гэнэ. 

Шизофрени - Энэ нь бодит байдлыг ойлгох чадваргүй болгодог өвчин бөгөөд шизофренитэй хүмүүст дэмийрэх, хий юм харах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Уг өвчин нь тийм ч түгээмэл тохиолддоггүй ба өсвөр насныханд илрэх шинж тэмдгийг тогтооход хүндрэлтэй байдаг юм. Тухайлбал, шизофренээр өвчилсөн өсвөр насны хүүхдэд гэр бүл, найз нөхдөөсөө харилцаагаа таслах, идэвхгүй болох, нойрны асуудалтай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Эм тариа, сэтгэл зүйчийн зөвлөгөө болон өөрийн сэтгэлийн хатаар шизофрений шинж тэмдгийг бууруулах боломжтой юм. 

Хоёр туйлт сэтгэцийн эмгэг - Энэ нь сэтгэл зүй огцом өөрчлөгддөг өвчин бөгөөд гэнэт баярлах эсвэл ихээр гуниглаж идэвхгүй болох, амиа хорлох талаар бодох шинж тэмдэг илэрдэг байна. Их хэмжээний стресс, бие махбодын өвчин, аймшигт дурсамж, генийн өөрчлөлт зэрэг нь хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг юм. 

Улигт бодол, албадмал үйлдлийн эмгэг (OCD) - Энэ нь юмсыг хэтрүүлэн бодох, аливаад тогтсон байдлаар хандах шаардлагатай мэт сэтгэгдэл төрөх өвчин юм. Ийм төрлийн эмгэгтэй хүмүүс гараа тогтмол угаах, бие эртхэнээ шалгах, өдөр бүр нэг төрлийн үйлдлийг байнга давтах зэрэг үйлдэл хийдэг ба үүнийгээ тархиараа удирдаж чаддаггүй байна. 

Тогтворгүй сэтгэл гутралын эмгэг - Энэ нь нэг ёсондоо сэтгэл гутралын архаг хэлбэр юм. Ийм төрлийн өвчтэй хүмүүст гуниглах, ажлын бүтээмж буурах, эрч хүчгүй болох, цөхрөх, хоолны дуршил буурах, өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Аймшигт дурсамж, айдас, хоёр туйлт сэтгэцийн эмгэг зэрэг нь тогтворгүй сэтгэл гутралын эмгэгийг гол шалтгаан юм. 

Эх сурвалж: NDTV