Ханхүү Харри, Меган Маркл нар хааны гэр бүлээс тусдаа гарч санхүүгийн хувьд биеэ даахаар болжээ. Ийнхүү тэд хааны ордноос явж Хойд Америкт амьдрах ба сайн үйлсийн сан байгуулах гэнэ. Тэд энэ талаар хааны гэрийн бүлийн бусад гишүүдтэй ярилцаагүй байна. 

Букингэмийн ордны мэдээлснээр хааны гэр бүлээс явах асуудал дөнгөж эхний шатандаа байгаа ба нэлээдгүй хугацаа шаардлагатай гэнэ. Харри, Меган нар сүүлийн үед хааны гэр бүлийн үйл ажиллагаанд оролцохдоо дурамжхан харагдах болсон юм. 

Тэд хэвлэл мэдээллийнхний анхааралд байхаас залхаж буйгаа удаа дараа мэдэгдсэн байдаг. Тухайлбал, өнгөрсөн 10-р сард Меган аавдаа бичсэн захидлыг нь зөвшөөрөлгүй нийтэлсэн Mail сонинг шүүхэд өгсөн юм. 

Мөн ханхүү Харри хэвлэлийнхэн эхнэрийх нь тайван байдлыг алдагдуулж байгааг шүүмжилсэн ба ээжийнхээ осолтой ижил хувь тавиланг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. 

Хосууд гэрлэхээс өмнө Харри Их Британий хэвлэлийг Меганыг арьс өнгөөр ялгаварласан гэж шүүмжилж байжээ. 

Харри, Меган нар сүүлийн үед хааны гэр бүлийн үйл ажиллагаанаас зайлсхийх болсон юм. Жишээлбэл, тэд хүү Арчидаа хааны удмын цол хэргэм олгохгүй байхаар болсон ба өнгөрсөн Зул сарын баярыг Канадад тусдаа тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: LA times, The guardian