Америкийн жүжигчин Меган Маркл, ханхүү Харри нар Бямба гарагт Их Британийн Уиндсор ордонд хуримласан ба тус бүр шинэ хэргэм зэрэгтэй болжээ. Тэднийг одооноос эхлэн Сассексийн гүн ба гүнгийн авхай хэмээн нэрийдэх юм байна.

Харри хаан ширээ залгамжлах ханхүү биш учир энэхүү гэрлэлт хааны гэр бүлийн хувьд тийм ч чухал ач холбогдолтой биш юм. Харин сүйт бүсгүйн хувьд Америк гаралтайгаас гадна өнгөт арьстай, түүнчлэн өмнө нь гэрлэж байсан, Харригаас гурав эгч буюу 36 настай гэхчлэн Их Британийн хааны гэр бүлд нэлээдгүй өвөрмөц бүсгүй орж байгаагаараа маш онцлог хурим байлаа.

Хуримд хааны гэр бүлийн бүх гишүүд, Америкийн язгууртнууд болон алдартнууд зэрэг 600 гаруй зочид уригдан ирсэн юм. Тухайлбал, Америкийн дуучин Элтон Жон, Опра Уимфри жүжигчин Жорж Клүүни эхнэрийн хамт, Дэвид Бекхэм эхнэрийн хамт, Энэтхэгийн жүжигчин Прианка Чопра зэрэг салбар бүрийн алдартай зочид ирсэн байна. Харин дуучин Элтон Жон хуримын хүлээн авалтад дуулжээ.

Уиндсор ордны албатуудын мэдээлснээр 100 мянга гаруй хүн тус газарт ирж хуримыг үзсэн байна. Хуримын арга хэмжээ Их Британийн уламжлалт ёсыг сүйт бүсгүйн талын Африк-Америк өв уламжлал болон орчин үеийн гэрлэх ёслолтой уялдуулжээ.

Сүйт бүсгүй Меган Маркл Givenchy брендийн хуримын даашинз, Хатан хаанаас зээлсэн алмазан шигтгээтэй титэм болон цэцгэн хатгамалтай таван метр урт торгон гивлүүр зүүсэн байлаа. Меган ханхүү Вильямийн охин Шарлот гүнж зэрэг зургаан бяцхан хуримын гэрчүүдийн хамт ордонд иржээ.

Харри хааны гэр бүлийн дүрэмт хувцас өмсөж, эмээгийнхээ зөвшөөрлөөр сахал тавьжээ. Тэрээр бөгж хадгалагч буюу ах ханхүү Вильямийн хамтаар хуримд ирсэн байна.

Меганыг аавынх нь оронд хадам эцэг буюу ханхүү Чарлес сүмийн голоор хөтлөн алхсан юм. Учир нь Меганы аав Томас Маркл эрүүл мэндийн шалтгааны улмаас хуримд оролцож чадаагүй юм. Томас Маркл хожим нь “миний үр үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэр их жаргалтай харагдаж байна” гэж BBC агентлагт ярьжээ. Харин Меганы ээж Дориа Рагланд хуримд ирсэн бөгөөд өмнөх орой нь ч хамт хоносон байна.

Цаашлаад, Меган Харригийн ээж Диана гүнжийн цэнхэр сүйн бөгжийг зүүж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Зураг: Hello Magazine

Хуримласныхаа дараагаар шинэхэн хосууд үлгэрийн мэт сүйх тэргэндээ суугаад хүлээн авалт руугаа явжээ.

Эх сурвалж: BCC, nytimes