Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор ханиад томууны дэгдэлт нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Тэгвэл ханиад томуу хүндрээгүй тохиолдолд антибиотик хэрэглэхээс илүү дархлааг дэмжих аргаар сэргийлэхийг НЭМГ-аас зөвлөж байна.

Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх зэрэг ерөнхий шинж илэрдэг байна.

Энэ үед дархлаа сайн байх нь чухал бөгөөд витамин ихтэй, чанарлаг хоол хүнс хэрэглэж, ажил амралтаа зохицуулан дасгал хөдөлгөөн хийх нь чухал.

Мөн хүйтний улиралд малгай, ороолт, бээлий заавал өмсөж, хамрын салстыг хамгаалах зорилгоор сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх, гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх нь үр дүнтэй гэнэ.

Түүнчлэн өдөрт 2-3 хумс сармисыг хоолондоо хийж хэрэглэн царван, морин шарилжны ханд, сод болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвшээрэй.

Үүнээс гадна гэрийн агаарыг тогтмол сольж, өдөрт хоёроос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх нь чухал байна.

Эдгээр нь ханиад томуунаас урьдчилан сэргийлэх энгийн арга учир 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүсийг томуугийн эсрэг дархлаажуулалтад заавал хамрагдуулах шаардлагатай.

Хэрэв ханиад томуугийн шинж илэрсэн тохиолдолд халуун аарц, чацарганы  шүүс, сармистай хар шөл зэрэг илчлэг сайтай шингэн зүйл ихээр хэрэглэхийг зөвлөж байна.

Энэ тохиолдолд олон нийтийн газраар явахдаа амны хаалт байнга зүүж, гараа сайтар савандаж угаан, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгаарай.

Танд эрүүл энхийг хүсье.