Дэлхийн хамгийн том телескоф бүтээх Event Horizon Telescope төслийнхөн хар нүхний анхны гэрэл зургийн дэлгэлээ. Судлаачид дэлхийгээс 54 сая гэрлийн жилийн зайд оршдог Messier 87 галактикийн төвд байдаг хар нүхний зургийг авч чаджээ.

Төсөлд 10 гаруй жилийн турш 200 гаруй судлаачид ажилласан бөгөөд хар нүхний зургийг авахын тулд дэлхийн хамгийн хүчирхэг найман телескопыг холбож дэлхийтэй ижил хэмжээний виртуал телескоп бүтээсэн байна. Улмаар уг телескоп 14 хоногийн дотор 5000 триллион байт мэдээлэл цуглуулсан бөгөөд үүнийг супер компьютерын тусламжтайгаар боловсруулж зургийг гарган авчээ.

Хар нүх нь нарнаас 6.5 тэрбумаар илүү масстай бөгөөд асар их хэмжээний таталцлын хүчтэй учир гэрэл болон цахилгаан соронзон долгион нэвтрэх боломжгүй юм. Мөн ойртож очсон ямар ч материалыг олон тэрбум градусаар халааж цаг хугацааг гажуудуулдаг учир хар нүхний дотор талын зургийг авах боломжгүй гэнэ.

Хар нүхийг анх шинжлэх ухаанч Альберт Эйнштейний татах хүчний онолд дүрсэлсэн байна. Үүнд, тэрээр хар нүх, цацраг гэрлийг тойрсон материал плазм хэлбэртэй бол хар нүхийг харах боломжтой гэж бичжээ.

Эх сурвалж: RT, CNN